ДОРНОД: Чух нуурт олон тооны нүүдлийн шувууд бууж амарч, хооллодог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-02-19 10:42:55

Чойбалсан, 2024 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Чух нуурт олон тооны нүүдлийн шувууд бууж амарч, хооллодог.  


Шувуудын хувьд чухал цэг болсон энэ нуур нь Монгол дагуурын бүс нутагт хамаардаг. Түүнчлэн Дагуурын тал хээрийн ус намгархаг газар, дэлхийд ховордсон амьтан, ургамлыг хамгаалах, түүний унаган байдлыг хадгалан үлдээх зорилгоор 2017 онд Дэлхийн өвд бүртгэгдсэн “Дагуурын ландшафт”-ын нэг бүрэлдэхүүн хэсэг юм.


Чух нуур Монгол орны зүүн хойд хэсэгт Улаанбаатар хотоос 750 км зайд, Дорнод аймгийн Дашбалбар сумын төвөөс зүүн тийш 20 км, Дагуурын бүс нутгийн үзэсгэлэнт Улз голын дэргэд оршдог.


Түүнчлэн нуурын ус, ёроолын лаг шавар нь хүний тулгуур эрхтний өвчин эмгэгийг анагаахад тустай гэгддэг. Ёс заншил, хэл аялгуугаа алдаагүй буриад зон энэ нутагт амьдран суудаг, аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой нутаг юм.   

Related news