Катарын ард түмний түүх, соёлыг монголчуудад толилуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-05-02 15:33:39

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. 2023 онд Монгол Улс, Катар Улс дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж байгаагийн нэгэн илрэл болох "Нүүдэл" үзэсгэлэнгийн нээлт маргааш болно.


2022 онд Катар Улсад болсон хөл бөмбөгийн ДАШТ-ий үеэр Монголын хоёр музей "Нүүдэл" олон улсын хамтарсан үзэсгэлэнг амжилттай зохион байгуулж, монголчуудын уламжлалт соёл, нүүдлийн аж амьдралыг дэлхийн үзэгчдэд танилцуулсан. Үүний хариу болгож, Катарын Үндэсний музей "Нүүдэл" үзэсгэлэнг манай улсад зохион байгуулж, Катарын ард түмний түүх, соёлыг Монголчуудад толилуулах юм.


Монгол Улсын Соёлын Яам хоёр улсын музейн салбарын хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, цаашид ч ийм төрлийн арга хэмжээг дэмжин ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн энэ жил манай улсад Орчин цагийн музей үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд эл үзэсгэлэнг зохион байгуулж буйгаараа ач холбогдолтой.


Хүн төрөлхтний соёлын олон янз байдлыг илтгэхийн зэрэгцээ малчин ард түмний уламжлалт аж амьдрал, шинэчлэлийг харуулсан цогц үзэсгэлэн болж хоёр орны соёл, түүхийг харьцуулан үзэх боломжийг олон нийтэд олгож буйгаараа энэхүү үзэсгэлэн онцлог юм.


“Нүүдэл” тусгай үзэсгэлэн 5 дугаар сарын 3-нaac 8 дугаар сарын 11-нийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй гарна.

Related news