БУЛГАН: Жуулчид хониноос илүү хургыг их өхөөрдөж хайрлаж байлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-05-03 15:48:35

Булган, 2024 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. “Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөр Булган аймагт хэрэгжиж байна


БНСУ-ын “Стар Эн Ко” энтертайнментын цахим сүлжээнд 300.000-17.000.000 дагагчтай 15 нөлөөлөгч Монгол улсад ирсэн ба тэд “Нэг жуулчинд-Нэг хонь” хөтөлбөрийг Солонгос улсад сурталчлах зорилготой юм.




Тэдний аяллыг Монгол дахь Солонгосын зах зээлд ажилладаг МОКТА холбоо, “Ок трэйвел” компани Монголын аялал жуулчлалын байгууллага  хамтран зохион байгуулж байна.

 


"Нэг хонь-Нэг жуулчин" хөтөлбөрийн хүрээнд ирсэн солонгосчууд хамгийн түрүүнд Булган аймгийн Хангал сумыг сонгон аяллаа эхэлсэн байна.

Хангал сумын малчин Б.Батмөнх, С.Чулуунбаатар, Л.Намнан, Д.Сүрэнхорлоо нарын өрхүүд 4 баг жуулчдыг хүлээн авч малчин айлын ёс уламжлал, мал маллах арга ухааныг сурталчлан таниуллаа.

 


Хөтөлбөрийн хүрээнд солонгос инфлүнсер аяллын нэг баг Хангал сумын малчин Д.Сүрэнхорлоогийнд зочилсон бөгөөд гэргий П.Хонгорзул:  Манайд нэг өдөр зочиллоо. Малчин айлын хаврын нэг өдрийн хөтөлбөр болох:

05:30- Өглөө босож цай чанах

06:07 -Үнээ саах, өвс тэжээл өгөх, аргал түүх

07:00 - Хурга, ишиг эхэд нь хөхүүлэх, морь услах, хашаа цэвэрлэх

08:00 Өглөөний цай уух

Хонио бэлчээх ...гэх мэт малчин айлын ахуй амьдрал, соёлтой танилцаж таалагдсан гэдэгт итгэлтэй байгаа.

Ким Га Ер бүсгүйд анхны хундан цагаан хонио бэлэглэлээ. Түүнд маш их таалагдаж баяр хөөр болон Lily /Цэцэг/ гэж нэрлээд явсан. Гэхдээ тэдэнд хониноос илүү хургыг их өхөөрдөж, хайрлаж байсан. Азтай ч гэх үү, амны хишигтэй ч гэх үү үнээний уураг, шинэ хонины шөлөн дээр таарсан. Мөн шимийн архи нэрмэлийг сөжүнээс зөөлөн гоё амттай юм байна гэсэн. Ирэхэд нь хаврын нэг өдрийн хөтөлбөрийнхөө дагуу амрах ч завгүй, зай завсаргүй ажил хийлгэлээ.



Дөрвөн улиралдаа зохицуулан

-Малчин айлын зуны нэг өдрийн хөтөлбөр

-Намрын нэг өдрийн хөтөлбөр

-Өвлийн нэг өдрийн хөтөлбөр гээд гаргавал илүү амар юм байна.

Манай малчид өөрсдийн газар нутгийн айл айлын өвөрмөц, онцлогоороо жуулчдаа өдрөөр, хоногоор хүлээн авбал боломжийн санагдлаа.

Ирсэн баг хамт олноос хөтөлбөр гаргаж бэлтгэлтэй сайн байлаа гэж сайшаалаа хэмээн урам зоригтой бусад малчдаа жуулчид хүлээн авахад уриалж байна.




Related news