ГОВЬ-АЛТАЙ: Цэргийн алба хаах залуус албандаа мордлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-05-03 11:14:23

Говь-Алтай, 2024 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд 2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагад тэнцсэн залуус Монгол Улсын баатар Магсарын Жанчивын талбайгаас өнөөдөр мордлоо.

 

Энэ үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб болон аймаг, сум, багийн удирдлагууд, иргэд оролцов. Аймгийн хэмжээнд 18 сумын 87 багийн 18-25 насны залуус зарлан дуудах хуудас авч, эрүүл мэндийн үзлэг, бүртгэлд хамрагдсан юм. Цэргийн албанд тэнцсэн залуус Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Монгол Улсын баатар Д.Гуулингийн нэрэмжит хилийн цэргийн 0214 дугаар ангид алба хаана. 

 

Тэд цэргийн албанд мордохдоо энх цагийн цэргийн үүргээ нэр төртэй биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнч байна хэмээн сэтгэгдлээсээ хуваалцсан юм.

Төрийн албаны тухай хуульд орсон өөрчлөлтөөр төрийн жинхэнэ албанд ажиллах эрчүүд заавал цэргийн алба хаасан байх ёстой гэсэн шаардлага тавигдсантай холбоотойгоор сүүлийн жилүүдэд алба хаах эрчүүдийн тоо нэмэгдэж байна. Мөн цэргийн үүргээ биелүүлэх иргэдийн ухамсар, сэтгэлгээ илүү төлөвшсөн, алба хаах хүсэл сонирхолтой залуусын хандлага нэмэгдсэн гэдгийг холбогдох албаныхан хэлж байлаа. Ийнхүү 2023 оны нэгдүгээр ээлжээр цэрэгт татагдаж буй залуус, ар гэр ах дүүс, найз нөхөд, ард түмнийхээ халуун итгэл хайраар үдүүлэн энх цагийн манаанд үүрэг гүйцэтгэхээр мордлоо.

 

Related news