ХОВД: Энэ жил 100 мянган цэцэг тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-05-03 18:20:10

Жаргалант, 2024 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хот тохижуулах газраас хэрэгжүүлж буй зарим онцлох ажлын талаар тодрууллаа.


Тус байгууллага одоо 22 ажилтантай.


Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн өнгө үзэмжийг сайжруулж, иргэдийн ая тухтай, эрүүл орчинд амьдрах боломж бүрдүүлэх зорилт дэвшүүлэн 28 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.


Тус байгууллагын ажилтнууд жилд дунджаар 5000 м.кв талбайд модны нөхөн тарилт болон зүлэгжүүлэлт хийж байна.  

Мөн 19.213 м.кв талбайд 12 төрлийн мод, бут сөөгийг ургуулж, арчилж байгаа бөгөөд төвийн бүсийн 650 метр газарт услалтын систем байршуулан усалгааг тогтмол хийдэг юм. 

  

Тус байгууллага нь сүүлийн гурван жилийн хугацаанд 21500 ширхэг мод тарьж ургуулсан ба 2024 онд "Ногоон Ховд хотын төлөө бид хамтдаа" уриалга дэвшүүлж, хэд хэдэн шинэ ажил зохион байгуулахаар төлөвлөжээ


Үүнээс онцлоход, жилд 2000 м.кв талбайд 60-70 мянган цэцэг тарьдаг байсан бол энэ жил тус ажлыг өргөжүүлж, 100 мянган цэцгийн тарилт хийхээр төлөвлөлөө. 


Мөн Хот тохижуулах байгууллага нь аймгийн төв буюу Жаргалант сумын нутаг дэвсгэрийн 215 байршилд 5200 гаруй гэрэлтүүлгийг бүрэн хэмжээнд асааж байна. 


Уг гэрэлтүүлгийн 60 хувийг гэр хороолол, 40 хувийг хотын төвийн бүс эзэлдэг.

 

Жилд дунджаар 1000-1200 гэрэлтүүлгийн толгой, тэжээлийн утас, цахилгааны шийдэд урсгал засвар үйлчилгээ хийж байна.

 

Нийтийн эзэмшлийн 5200 гаруй гэрэлтүүлгийг асаахад сард 58.968 кВт,  жилд 707.616 кВт цахилгаан эрчим хүч зарцуулдаг судалгаа гаргажээ.  

 

Онцолбол, тус байгууллага 2023-2024 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 25 байршилд 2200 ширхэг гэрэлтүүлгийг ухаалаг удирдлагын системд шилжүүлсэн байна. Ингэснээр үйлчилгээний ажилтнуудын  ажлын цаг  болон  шатахууны зарцуулалтыг хэмнэх, шуурхай ажиллах боломж бүрджээ.  

 

Цаашид хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах тухай хууль, стандартыг баримталж, ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг  хөгжүүлэхэд анхаарна гэж Ховд аймгийн Хот тохижуулах газраас мэдээллээ. 


Related news