Монголын хэл хуурчид анх удаа чуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-05-06 17:50:24

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол угсаатан хэл хуурчдын холбооноос санаачлан Монголд анх удаа хэл хуурчдын анхдугаар чуулганыг даваа зохион байгууллаа.


Чуулга уулзалтаар хэл хуур тоглооч, өвлөн уламжлагч, судлаач, урлаачдыг бүртгэлжүүлэх, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэхийн зэрэгцээ хэл хуурыг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлах, хэл хуур хөгжмийн хэрэглээг нэмэгдүүлж, шинжлэх ухааны үндэслэлтэй судлан, хэл хуур хөгжмийн үйлдвэрлэл болон тоглолтын стандартыг бий болгох алсын харааг тогтоохыг зорьсон гэдгийг Монгол угсаатан хэл хуурчдын холбооны тэргүүн Б.Нарандэлгэр тодотгов.


Тус чуулганд Соёлын биет бус өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмон  "Соёлын биет бус өвийг хамгаалах хууль эрх зүйн орчин, бодлого арга хэмжээ", Монгол Улсын төрийн туульч,  Хэл хуур судлаач, доктор, МУСГЗ Э.Баатаржав "Хэл хуурын гарал үүсэл, далд орон зай", "Олон улс дахь хэл хуурын нэршил ба хэл хуурын ангилал, түүхэн хөгжлийн асуудал” сэдвээр Угсаатан хөгжим судлаач Д.Ганпүрэв, “Эх-хэл хуурын утга холбогдол” сэдвээр Урлаг судлаач, хөөмийч, доктор МУСТА Ч.Баяржаргал, "Хөөмий, хэл хуурын хамсраа ба сургалт -хөгжлийн асуудал” сэдвээр СУИС-ийн Соёл урлаг судлалын хүрээлэнгийн Урлаг судлалын секторын эрхлэгч М.Амаржаргал, "Аман авиан  урлаг-хэл хуурын гарал үүсэл" сэдвээр МУГЖ ерөөл магтаалч, өвлөн уламжлагч Г.Явгаан нар тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв.



Тус чуулганы хамгийн өндөр настай нь 82 настай, өвлөн уламжлагч Завхан аймгийн Отгон сумын Бадрал бригадын өндөр настан Д.Цэрэндаваа байлаа.

Тэрбээр хэлэхдээ, “Найман настайгаасаа энэ хулсан хуураа хийж өнөөдрийг хүртэл тоглож байна. Сумынхаа сургуульд 34 жил ажиллахдаа дотуур байрны хүүхдүүдэд хэл хуур зааж өгсөн. Ойролцоогоор 30-40 хүүхдэд заасан. Хэл хуураа өөрөө урладаг. Өнөөдөр хоёр хэл хуураа авчирлаа. Ач зээ нар маань хэл хуур тоглодог. Гэхдээ дуу оруулж чадахгүй, авиа оруулж байна. Энэ жил Отгон сумынхаа 100 жилийн ойг тохиолдуулан сургуулийнхаа 9 хүүхдэд хэл хуур сургаж, 9 хуур хийж өгнө гэж амласан. Мөн уртын дуу дуулна, үлгэр ярина. Насаараа урлагт хайртай, дуртай явж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.


Чуулганаар Монгол угсаатан хэл хуурчдын холбооны хэтийн зорилго, зорилтыг хэлэлцэж, Монголын хэл хуурчдын үндэсний наадмыг жил бүр Соёлын яамны бодлогын ажлын хүрээнд зохион байгуулах санаачилгыг ажил хэрэг болгох зэрэг асуудлыг хөндсөн юм.  Мөн чуулганыг цаашид жил бүр зохион байгуулж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж, гадаад харилцаагаа тэлж, өвлөн уламжлагчдаа дэлхийд гаргах зорилго тавихаар тогтов.


Түүнчлэн 2024 оны 8 дугаар сард хэл хуурчдыг чадавхжуулах, тэдгээрийг таниулан сурталчилж, өрсөлдөх чадварыг дэмжих чиглэлээр Монгол Улсын хэмжээнд шилдэг хэл хуурчдыг шалгаруулах анхдугаар тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Цаашид хэл хуурын урлагийг үндэсний брэнд болгон хөгжүүлж, хэл хуурчдыг болон өвлөн уламжлагч нарыг мэргэжлийн хөгжимчний статустай болгох замаар хэл хуур хөгжмийг мэргэжлийн түвшинд хөгжүүлэхийг чиглэл болгох аж.


Мөн ирэх 2025 онд Япон улсад зохион байгуулах Дэлхийн хэл хуурчдын 10 дугаар фестивальд Монгол Улсынхаа шилдэг хэл хуур тоглооч, урлаач нарыг оролцуулах, 2026 онд Монгол улсад 160 улсын оролцоотой хэл хуурч, урлаач нарын чуулган, олон улсын уралдаан, наадмыг зохион байгуулах чиглэлээр гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхээр олон ажлыг төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж ажиллах юм байна.


Уг чуулганыг Монгол Улсын Соёлын яам бодлогоор дэмжиж,  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагийн газар, Соёлын Өвийн Үндэсний Төв, Түмэн эх чуулга, Монголын Үндэсний Соёл, Амралтын хүрээлэн дэмжин ажилласан бол ивээн тэтгэгчээр “Хүрэл өв” урлан, ундаа, усны худалдаа эрхлэгч “Гоё санаа” ХХК-ийн “Дааяо” ундаа, Үндэсний уламжлалт таван цулын FOOD LAB брэнд, үндэсний ноосны ууган үйлдвэрийн Mongol Textelle брэнд, Мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр МҮОНРТ, Монголын Сайтын холбоо хамтран ажиллажээ.


Хэл хуур нь хэлбэр, хийц энгийн атлаа өвөрмөц тансаг аялгуугаараа хөгжим сонрхогчдын анхаарлыг татаж, хэдэн мянганы түүхтэй атал анхны хэв шинжээ алдалгүй XXI зууны босго алхсан эл хөгжмийн зэмсэг Хүннүгийн үед буюу нарийвчлан НТӨ III-I зуунд монголчууд хэл хуур эдэлж хэрэглэж байсан болохыг гэрчлэх ясан хуур Төв аймгийн Алтанбулаг сумын нутгаас Хүннүгийн үеийн булшнаас олджээ.

Хэл хуур өөрөө дуугардаг зэмсэг биш юм. Хүн л түүнтэй харьцаж амьсгалахгүй бол тэр дуугарч чадахгүй. Түүний нууц нь тэрээр хүний амьсгал-хоолойн нэгдэлтэй нягт холбоотой байдаг төдийгүй хүн өөрөө хөгжмийн зохиогч болдгоороо онцлогтой. Хэл хуур хөгжим хүмүүсийг тайвшруулж, баярлуулж, уйтгар, гунигийг хөөж, өвчнөөс ч эмчлэх чадалтай юм. Хэрвээ хүн өөрөө хичээх юм бол хэл хуур хөгжим тоглоход байгаль дэлхийг уяруулан сайхан ая эгшигтэй амьд болгон дуугаргаж чадна.


Монголчуудын эртний түүхтэй уламжлалт ахуй соёл шингэсэн хэл хуур хөгжмөөр тоглож сурснаар, ялангуяа амьсгалын эрхтний эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, сэтгэл засал, тайвшрал өгнө. Түүнчлэн чөлөөт цагаа өнгөрүүлэх, хүүхдийн сонсголыг сайжруулах, хэл зүгшрүүлэх, байгаль дэлхийгээ хайрлахад эерэг нөлөөтэй юм.











Related news