Үнэт ховор номын музей иргэдэд үнэгүй үйлчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-08 15:11:09

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндэсний номын сангийн дэргэдэх Үнэт ховор номын музей хосгүй үнэт өвд бүртгэлтэй үзмэрүүдээ үнэгүй үзүүлж эхэллээ.


Тус музейн сан хөмрөгт монголчуудын төдийгүй Азийн олон орны бичиг соёлын 1.5 сая гаруй үнэт өв, ховор чухал дурсгалууд, гар бичмэл, бар хэвлэл хадгалдаг юм. Тавдугаар сарыг дуустал үргэлжлэх эл үзэсгэлэнг нээснээс хойш долоо хоногийн хугацаанд 200 гаруй хүн үйлчлүүлжээ.


Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Үнэт ховор номын музейд Үндэсний бичиг соёлын гайхамшигт дурсгалууд үзэсгэлэннээгдсэн бөгөөд үзэсгэлэнгийн агуулгад ЮНЕСКО-д бүртгэлтэй монгол өв, ЮНЕСКО-гийн болон Монгол Улсын хосгүй үнэт өвд бүртгэлтэй Үнэт ховор номын музейн үзмэрүүд, монгол бичгээр бичигдсэн ном хэвлэл, сонин, сэтгүүлийн дээжис багтжээ.



Тус музейд Монгол төдийгүй дэлхий дахины түүхэнд томоохон байр эзлэх Бурхан багшийн өөрөө номлосон амны эш айлдвар болох “Ганжуур” (108 боть), түүний тайлбар болох “Данжуур” (226 боть) хэмээх хоёр их хөлгөн судар залаастай байдаг юм.  



Ташрамд дурдахад, монголчуудын бичиг соёлын эртний дурсгалуудыг гадаад, дотоодын хүмүүст үзүүлэн таниулах зорилгоор 1981 онд Үнэт ховор номын музейг байгуулсан байдаг. 

Related news