Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-08 15:13:23

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. "Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийг байгуулж, хөгжүүлэх хүрээнд “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл” хэрэгжүүлнэ.


Ингэхдээ нийслэлд үйл ажиллагаа явуулж буй арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-руу нүүлгэх юм. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг өнөөдөр НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын Бээжин хот дахь Бүс нутгийн төлөөлөгчийн газрын захирал бөгөөд Монгол, БНХАУ, БНАСАУ-ыг хариуцсан суурин төлөөлөгч Стивен Каргбо тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзах үеэрээ ярилцжээ.


Тус үйлдвэрүүд парк хэлбэрээр хөгжих тул НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын арьс, шир боловсруулах үйлдвэрийн олон улсын LWG стандартыг мөрдүүлэхэд хамтран ажиллахаар боллоо. Мөн тус байгууллагаас зөвлөх үйлчилгээг авахаар талууд санал солилцсон юм.


Түүнчлэн НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага нь тус салбарын цэвэрлэх байгууламжийн технологийг олон улсад хэрэгжүүлсэн туршлагатай. Тиймээс “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн цэвэрлэх байгууламжийн технологи схем, ажлын зураг төсөл, бүтээн байгуулалтад хамтран ажиллахыг П.Сайнзориг тэмдэглэснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 

Related news