Энэ оны эхний улиралд 86.2 мянган жуулчин иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-08 15:36:40

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Манай улсад энэ оны эхний улиралд 86.2 мянган жуулчин иржээ. Энэ тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 8.2 (10.5 хувь) мянгаар нэмэгдсэн байна.


Улсын хилээр нэвтэрсэн жуулчдыг өмнөх оны мөн үеийнхтэй зорчсон улсаар нь харьцуулбал, БНХАУ-ын 15.2 (2.3 дахин) мянгаар, БНСУ-ынх 3.5 (48.9 хувь) мянгаар, Казахстан улсынх 0.5 (23.8 хувь) мянгаар, Япон улсынх 0.5 (30.9 хувь) мянгаар нэмэгджээ. Манай улсын 570 мянган (давхардсан тоогоор) иргэн 2024 оны эхний улиралд гадаадад зорчсоноос 443.9 (77.9 хувь) мянга нь аялал жуулчлалын зорилгоор явсан нь өмнөх оны мөн үеийнхээс 226.1 (2 дахин) мянгаар өссөн бол 126.1 (22.1 хувь) мянга нь ажиллах, суралцах, байнга оршин суухаар зорчиж, энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 5.5 (4.2 хувь) мянгаар багасжээ.


Гадаадад зорчсон Монгол Улсын иргэдийн 361.8 (63.5 хувь) мянга нь эрэгтэй, 208.2 (36.5 хувь) мянга нь эмэгтэйчүүд бол 39.6 (7 хувь) мянга нь хүүхэд байв. Хугацаагаар авч үзвэл, 549.1 (96.3 хувь) мянга нь 30 хүртэл хоног, 4.4 (0.8 хувь) мянга нь 31-90 хүртэл хоног, 16.5 (2.9 хувь) мянга нь 90-ээс дээш хоногоор явсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.


Манай улсын хилээр энэ оны эхний улиралд 1 342.3 мянган (давхардсан тоогоор) зорчигч нэвтэрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 488.5 (57.2 хувь) мянгаар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн байна. Улсын хэмжээнд хилээр нэвтэрсэн зорчигч 2022 оны мөн үеийнхээс 1 191.6 (8.9 дахин) мянгаар, 2021 оны мөн үеийнхээс 1 152.4 (7.1 дахин) мянгаар нэмэгдсэн байна. Оны эхний улиралд 667.8 мянган зорчигч хилээр оржээ. Тэдний 32.5 хувь нь Замын-Yүд, 24.7 хувь нь Чингис хаан, 11.3 хувь нь Гашуун сухайт, 10.5 хувь нь Алтанбулаг, 5.4 хувь нь Шивээхүрэн, 3.4 хувь нь Ханги, 12.2 хувь нь бусад боомтоор орсон байв. Улсын хилээр орсон зорчигчдын 556.9 (83.4 хувь) мянга нь Монгол Улсын иргэд, 110.9 (16.6 хувь) мянга нь гадаад улсын иргэд аж.


Улсын хилээр энэ оны эхний улиралд гадаадын 110.9 мянган хүн орсон нь өмнөх оны мөн үеийнхээс 24.6 (28.6 хувь) мянгаар нэмэгджээ. Тэдний 78.9 хувь нь 30 хоног хүртэл, 0.5 хувь нь 60 хоногоос дээш, 0.8 хувь нь 90 хоног хүртэл, 19.8 хувь нь 90 хоногоос дээш хугацаагаар ирсэн байна. Тэдгээр гадаадын зорчигчдын 73 (65.9 хувь) мянга нь эрэгтэй, 37.8 (34.1 хувь) мянга нь эмэгтэй бол 105.3 (95 хувь) мянга нь насанд хүрсэн хүн, 5.6 (5 хувь) мянга нь хүүхэд байв.


Улсын хилээр нэвтэрсэн гадаадын зорчигчдын 55.8 хувь нь Зүүн Ази, Номхон Далайн бүс нутаг, 39.7 хувь нь Европ, 2.1 хувь нь АНУ, 1.2 хувь нь Ойрх Дорнод, 0.8 хувь нь Өмнөд Ази, 0.4 хувь нь Африк тивээс иржээ. Тодруулбал, 37.1 хувийг БНХАУ, 35.1 хувийг ОХУ, 10.2 хувийг БНСУ, 2.5 хувийг Казахстан, 2 хувийг Япон улсын, үлдсэн 13.1 хувийг бусад орны иргэд эзэлж байгаа аж.

 

Related news