Японы зүрх судасны нарийн мэргэжлийн эмч нар 192 хүүхдэд үзлэг хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-05-08 16:07:11
altantogos

Мандалговь, 2024 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Японы зүрх судасны эмгэг согогийн нарийн мэргэжлийн эмч нар Дундговь аймагт ажиллаж, үзлэг оношилгоо хийлээ.


Эмч нар 192 хүүхдэд  үзлэг оношилгоо хийснээс 40 хүүхдийг хяналтад авах шаардлагатай гэж үзсэн байна.


Цаашид зүрхний төрөлхийн гажигтай дээрх 40 хүүхдийн 23-ыг нь аймгийн Нэгдсэн эмнлэгт, 17-г нь Эх, хүүхдийн эрүүл мэдийн  үндэсний төвийн  зүрх судасны эмч нар байнгын хяналт тавих ба хагалгаанд орох шаардлагатай  2 хүүхдийн мэдээллийг ЭХЭМҮТ-ийн эмч нарт хүргүүлэн хүсэлт илгээжээ.


Японы зүрх судасны эмгэг согогийн нарийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн сайн дурын эмчилгээний баг  Монгол улсад 23 дахь жилдээ ажиллаж, хот, хөдөөгийн 8595  хүүхдэд оношилгоо хийн, 822 үйлчлүүлэгчид судсан дотуурх зүрхний эмчилгээг үнэ төлбөргүй хийсэн байна.


Тус баг 2012 онд Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллахдаа 89 хүүхдийг үзлэг оношилгоонд хамруулан, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж, зөвлөгөө өгсөн төдийгүй дэмжлэг үзүүлжээ.


Энэ удаагийн үзлэг оношилгоогоор хагалгааны заалттай 3 нярай хүүхэд байгаа ба тэдгээрийг 20 кг жинтэй болсны дараа хагалгаа хийлгэхийг зөвлөсөн байна. 

Related news