ОХУ-БНХАУ-ын худалдаанд шинэ “бодит байдал” бий болсон гэв

Дэлхийд | Эдийн Засаг
nyamtulga@montsame.mn
2015-12-14 16:20:41

БЭЭЖИН. /Sputnik/. ОХУ-БНХАУ-ын худалдаанд шинэ “бодит байдал” бий болсон гэж Хятад дахь Оросын худалдааны төлөөлөгч Алексей Груздев мэдэгдэв.

ОХУ-БНХАУ-ын худалдааны эргэлт энэ жил гуравны нэг хувиар буурснаар, энэ жилд хоёр улсын худалдааны эргэлтийг 100 тэрбум долларт хүргэх зорилтыг биелүүлэх боломжгүй болсныг Алексей Груздев мэдэгджээ. Мөн тэрбээр, уг байдлыг өөрчлөхөд дэм болох болон ирэх жил худалдааны эргэлт дахин буурахаас сэргийлэх арга хэмжээ авсан гэж мэдэгдсэн байна.

ОХУ-ын тэргүүлэх түнш бол БНХАУ юм. 2014 онд хоёр улсын худалдааны эргэлт 95 тэрбум доллар байсан бөгөөд 2015 онд уг үзүүлэлтийг 100 тэрбум долларт хүргэх зорилт тавьжээ. Гэвч уг зорилт талаар өнгөрч, хоёр улсын худалдааны эргэлт энэ жил 29 хувиар буурчээ.

Хоёр улсын худалдааны эргэлт 2016 онд 100 тэрбум долларт хүрэх боломжтой гэж БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чөн Гуопин өнгөрсөн наймдугаар сард мэдэгдсэн. Ирэх жилүүдэд ОХУ-БНХАУ-ын худалдааны эргэлтийг 200 тэрбум долларт хүргэхээр төлөвлөж байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зургадугаар сард мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ