Ачаалж байна…
Ачаалж байна…
Цогзолмаа Г

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Өвөг дээдсийнхээ үлдээсэн түүх, соёлын үнэт өвийг судалж, түүнийгээ уран бүтээлээрээ дамжуулан хойч үедээ өвлүүлэх нь уран барималч Б.Очирсүрэнгийн эрхэм зорилго. Тэрбээр өнгөрсөн үеийн түүх, соёлын дурсгалыг хүрэл барималд мөнхлөн, өнөө цагт амилуулж, ирээдүй хойчдоо өвлүүлэхийг уран бүтээлийнхээ гол утга учир хэмээн үздэг. Энэ тухай болон уран бүтээл, эрэл хайгуул, туурвихуйн онцлогийн талаар уран барималч Б.Очирсүрэнтэй ярилцлаа.
-Таны өнгөрсөн сард гаргасан “Монгол хатдын домог” үзэсгэлэнгийн санаа анх хаанаас төрсөн бэ? Түүхэнд ихэвчлэн хаадын үйл хэрэгт төвлөрдөг бол та яагаад монгол хатдын түүхийг уран бүтээлийнхээ гол сэдэв болгохыг хүссэн бэ?
-Би оюутан байхаасаа эхлэн Монголын эзэнт гүрний түүх, тэр дундаа монгол хатдын түүхийг түлхүү судалсан. Дипломын ажлаа ч мөн хатдын түүхээр бичиж, Чингис хааны охин Алага бэхийн тухай судалж байв. Харин “Чингис хаан” үндэсний музейд ажиллаж, археологийн олдворуудтай танилцан, тэдгээрийг сэргээн засварлах ажилд оролцсоноор судалгаагаа улам гүнзгийрүүлэх боломж бүрдсэн. Монгол нутгаас олдсон археологийн олдворуудыг судалж, тухайн үеийн эд өлгийн зүйлсийг сэргээн бүтээх явцдаа энэ чиглэлээр цаашид хийх ажил, судалгаа чухал болохыг мэдэрсэн. Миний судалгаа зургаан жилийн өмнөөс эхэлсэн гэж хэлж болно. Харин сүүлийн гурван жилийн хугацаанд үзэсгэлэндээ зориулсан бүтээлүүдээ туурвиж, дуусгасан. Бид түүхийг ихэвчлэн хаад, дайн байлдаан, эзэнт гүрний түүхээр төсөөлдөг. Гэтэл тэдгээр түүхийн ард агуу хатад, эхчүүд, эмэгтэйчүүд байсан гэдгийг тэр бүр анзаардаггүй. Хаадын хүмүүжил, төрийн үйл хэрэг, тухайн үеийн соёл иргэншилд хатдын оруулсан хувь нэмэр асар их. Энэ утга санааг бүтээлүүдээрээ дамжуулан харуулахыг зорьсон. Түүнчлэн тухайн үеийн хувцас хэрэглэл, гоёл чимэглэл музейнүүдэд ихэвчлэн тус тусдаа хадгалагддаг. Харин тэдгээрийг нэгтгэн, тухайн цаг үедээ хүмүүс хэрхэн хувцаслаж, ямар дүр төрхтэй байсныг бүхэлд нь харуулах нь ховор.
-Таны үзэсгэлэнд нийт хэдэн бүтээл дэлгэгдсэн бэ? Тэдгээрээс зохиомжийн хувьд онцлог бүтээлүүдийнхээ талаар танилцуулбал?
-Нийт долоон бие даасан бүтээл дэлгэсэн. Тэдгээрийн хоёр нь харьцангуй том хэмжээний, олон дүрээс бүрдсэн зохиомжит бүтээл юм. Тухайлбал, нэг бүтээлд хоёр хүн, шувуу, амьтны дүрийг хамтад нь оруулж, тодорхой үйл явдал, өгүүлэмжийг илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, ганц хүний хөрөг дүрслэхээс илүүтэй хэд хэдэн дүрийн харилцаа, хөдөлгөөн, үйл явдлаар дамжуулан түүх өгүүлэхийг зорьсон. Ийм төрлийн зохиомжит уран баримал бүтээх нь ур чадвар, нарийн мэдрэмж ихээхэн шаарддаг. Дүрүүдийн харьцаа, байрлал, хөдөлгөөн, хоорондын уялдаа холбоог зөв гаргахаас эхлээд маш их ур чадвар, цаг хугацаа орно. Тэдгээр бүтээл дээр нэг жил ажилласан. Ер нь бүтээлээ туурвих явцад заримдаа хоёр, гурван барималчийн ажлыг зэрэг хийх шаардлага ч гардаг. Бүтээлийнхээ эргэн тойрноос, өнцөг бүрээс нь харж, дүрүүдийн зохиомжийг олон дахин өөрчилж байж эцсийн шийдэлд хүрэх тохиолдол бий. Цаашид жил бүр тогтмол үзэсгэлэн гаргах зорилт тавьж байна. Дараагийн үзэсгэлэнгээ ч хүрэл баримлаар бүтээхээр төлөвлөсөн. Энэ удаад монгол хатдын түүхийг онцлон харуулсан бол дараагийн бүтээлүүддээ Монголын эзэнт гүрний хаад, агуу баатрууд, жанжид, хүлэг морьтон дайчдын түүхийг уран баримлаар харуулах бодолтой байгаа.
-Эдгээр бүтээлийг туурвих явцад таныг юу хөглөж, урам зориг өгч байсан бэ? Хөгжим, аялгуу ч бас бүтээлд тань нөлөөлсөн болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Хөгжим, аялгуугүй хүн гэж хаана байх вэ. Би бүтээлээ туурвиж байхдаа маш олон төрлийн сайхан хөгжим сонсдог. Ялангуяа сонгодог хөгжим сонсох дуртай. Монголын хөгжмийн зохиолчдоос Б.Шарав гуайн бүтээлийг их сонсдог. Тухайлбал, “Сэрсэн тал” зэрэг гайхалтай бүтээл шүү дээ. Мөн Н.Жанцанноров гуайн хөгжмүүдийг ч их сонсоно. Үүнээс гадна намайг хамгийн их хөглөж, урам зориг өгдөг зүйл бол бидний агуу түүх, археологийн гайхамшигт олдворууд. Монгол орон дэлхийн хаана ч байхгүй баялаг түүх, өв соёлтой. Тэр түүхийг илтгэх археологийн олдворуудтайгаа танилцах бүрд өвөг дээдсээрээ бахархах сэтгэл төрдөг. Хөг аялгуу, түүх соёл, өвөг дээдсийн маань үлдээсэн өв уламжлал бүгд миний уран бүтээлийн онгод, урам зоригийг төрүүлдэг. Би өөрийгөө тэднийхээ өмнө нэг ёсны өртэй хүн гэж боддог. Өнгөрсөн үеийнхээ өв соёлыг өнөө цагт амилуулж, ирээдүйд хүргэхэд өөрийн хувь нэмрээ оруулж яваа минь миний хувьд хамгийн сайхан зүйл.
-Түүхэн сурвалж, археологийн олдвор, эртний дүрслэл, хувцас хэрэглэл зэрэг олон төрлийн эх хэрэглэгдэхүүнтэй ажиллахдаа түүхэн баримт ба уран бүтээлчийн төсөөллийн заагийг хэрхэн тогтоосон бэ?
-Миний бүтээлүүд археологийн олдвор, түүхэн баримтад суурилж байгаа учраас уран сайхны хэтрүүлгээс аль болох татгалзсан. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн олдвор, эд өлгийн зүйлс ямар байсан, ямар хийц загвартай байсныг аль болох бодитоор нь дүрсэлсэн. Уран барималд хүний биеийн хөдөлгөөн, байрлал, динамик байдал, салхи, агаарын мэдрэмжийг илэрхийлэх зэрэг мэргэжлийн олон арга барил бий. Хүний дүрийг маш сүр хүчтэй, хөдөлгөөнтэй, амьд мэт бүтээх боломжтой. Гэхдээ түүхэн олдворыг сэргээн бүтээхдээ эдгээр уран сайхны боломжийг баримтаас хэт хазайлгах байдлаар ашиглаагүй. Харин олдвор дээр байгаа мэдээллийг түшиглэн, тухайн үеийн дүр төрхийг аль болох үнэн зөвөөр сэргээн бүтээсэн.
-Монгол хатдын тухай түүхэн мэдээлэл харьцангуй хомс, заримдаа эрэгтэйчүүдийн түүхийн дунд бүдгэрч үлдсэн байдаг. Таны судалгааны явцад өмнө нь өөрийн тань төсөөлж байгаагүй ямар дүр, түүх хамгийн ихээр гайхшруулсан бэ?
-Монгол хатдын тухай эх сурвалж харьцангуй цөөн байдаг. Гэхдээ миний хувьд хамгийн ихээр биширч, онцлон судалдаг хатан бол Сорхагтани бэхи юм. Тэр бол дөрвөн хааны эх, Чингис хааны дархан бэр, Тулуй хааны гэргий. Монголын эзэнт гүрний түүхэнд асар их үүрэг гүйцэтгэсэн, ухаалаг, алсын хараатай эмэгтэй байсан гэж боддог. Тухайн үед алтан ургийнхны дунд эрх мэдэл, хаан ширээний төлөөх зөрчил тэмцэл гарч, бүр цус асгаруулахад хүрч байсан ч Сорхагтани бэхи эв нэгдлийг эрхэмлэж, ах дүүсийг эвлэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Түүнчлэн төрийн бодлого, боловсрол, шашин соёл, эрдэм мэдлэгийг дэмжих чиглэлээр олон чухал ажил хийсэн байдаг. Мөн маш сайн дипломатч байсан. Түүний ухаан, төрийн хэрэгт оролцсон байдал, үр хүүхдээ хүмүүжүүлсэн арга барил гээд гавьяа зүтгэлийг нь үнэлж баршгүй.
-Таны бүтээлүүдэд хатдын эрх мэдэл, гоо үзэсгэлэн, эмэгтэйлэг чанар, эх хүн гэсэн дүрүүд хэрхэн огтлолцож байгаа вэ?
-Би эдгээр бүх шинж чанарыг бүтээлүүддээ шингээхийг хичээсэн. Хатдын гоо үзэсгэлэн, эрх мэдэл, хүчирхэг дүр төрх, биеийн хөдөлгөөнөөс гадна өмсөж байсан тансаг хувцас, гоёл чимэглэлээр нь тухайн үеийн язгууртны соёлыг харуулахыг зорьсон. Миний бүтээлүүдийн хамгийн гол зорилго бол өвөг дээдэс маань хэрхэн амьдарч байсныг өнөөгийн хүмүүст, ялангуяа залуу үед ойлгуулах юм. Бид өнөөгийн энэ түвшинд хүрэхийн тулд ямар түүхийг туулж, ямар соёл иргэншлийг бүтээснийг харуулахыг хүссэн. Монголчууд дэлхийн талыг зөвхөн морьтон дайчдын хүчээр эзэлж, түүхээ бүтээсэн юм биш. Тэр их түүхийн ард агуу хатад, ухаалаг эхчүүд, соёл иргэншил, төрийн бодлогыг дэмжин авч явсан эмэгтэйчүүд байсан гэдгийг харуулах нь миний бүтээлүүдийн нэг чухал санаа юм.
-Уран баримал бол гурван хэмжээст урлаг. Тиймээс тухайн хүний царай төрхөөс гадна биеийн байрлал, хувцас, гоёл чимэглэл хүртэл тодорхой утга илэрхийлдэг. Хатдын зан чанар, байр суурийг илэрхийлэхдээ ямар дүрслэлийн хэлбэрүүдийг түлхүү ашигласан бэ?
-Хатад бол тухайн үеийн нийгмийн хамгийн дээд давхаргын язгууртан эмэгтэйчүүд байсан. Тиймээс тэдний хувцас хэрэглэл, гоёл чимэглэл нь нийгмийн байр суурь, эрх мэдэл, бэлгэдлийн утга агуулгыг илэрхийлдэг. Жишээлбэл, XIII зууны болон Юань улсын үеийн хатдын хувцас хэрэглэлд галт шувууны дүрслэл ихээхэн хэрэглэгдэж байжээ. Галт шувуу нь мөнх оршихуй, хүч чадлыг бэлгэддэг домгийн амьтан. Тиймээс дээл хувцас, бугуйвч, алтан эдлэл зэрэгт галт шувууны дүрслэл, эртний монголын эвэр угалз зэрэг уламжлалт хээ угалзыг ашигладаг байсан нь тухайн үеийн соёл, бэлгэдлийн онцлогийг харуулдаг. Би эдгээр бэлгэдэл, дүрслэлийг бүтээлүүддээ шингээхийг хичээсэн.
- Таны хувьд “монгол” уран баримлын хэл гэж юу вэ?
-Монголын уран баримлын өөрийн гэсэн өвөрмөц хэл, уламжлал бий. Үүний хамгийн эртний жишээ бол хүн чулуун хөшөө гэж боддог. Хүн чулууг Монголын эртний уран баримлын гайхамшигт өв гэж үздэг. Тэдгээрт язгууртнуудын дүр төрх, гоо сайхан, биеийн харьцаа, донж төрхийг маш нарийн, нягт нямбай дүрсэлсэн байдаг. Энэ бол бидний өвөг дээдсийн үлдээсэн үнэт өв дурсгал юм. Түүнчлэн Хүннүгийн үеийн археологийн олдворууд, тэр дундаа “Гол мод-II” зэрэг дурсгалт газраас илэрсэн язгууртны булшны эмээл, хазаарын тоног хэрэглэл, хөмөлдрөг зэрэг нь хийц, ур чадварын хувьд үнэхээр гайхамшигтай. Хоёр мянга гаруй жилийн өмнө ийм нарийн, тансаг хийцтэй эд зүйлсийг бүтээж, өдөр тутмын хэрэглээндээ ашиглаж байсан гэхээр өвөг дээдсийнхээ ур чадвар, урлагийн мэдрэмжээр бахархахгүй байхын аргагүй. Миний хувьд эдгээр өв соёл, уламжлалт дүрслэлийн онцлогийг орчин үеийн уран баримлын хэлтэй хослуулан, үндэсний хэв шинжийг хадгалсан, монгол ахуй, түүх, соёлоо шингээсэн бүтээл туурвихыг зорьдог.
-Уран баримал бол дүрслэх урлагийн нэг төрөл. Харин та бүхэлдээ урлагийг юу гэж ойлгож, хэрхэн тодорхойлдог вэ? Өөрийнхөө мэдрэмж, үзэл бодлоос хуваалцвал?
-Урлаг бол хүний оюун санаанаас төрж гардаг бүтээл гэж боддог. Хүний тархи, сэтгэлгээ, оюун санаанд боловсорсон зүйл нүд, гар хоёрын оролцоотойгоор бодит бүтээл болон гарч ирдэг. Тиймээс урлагийн хүн маш их ном унших хэрэгтэй. Олон төрлийн сэдвээр судалж, мэдлэгээ байнга тэлэх шаардлагатай. Ямар ч хүнтэй, ямар ч сэдвээр ярилцах чадвартай байхаас гадна өөрийгөө зөв авч явах, дотоод соёлтой байх нь чухал гэж боддог. Дүрслэх урлаг бол мэдрэмжийн урлаг. Мэдээж хүнд төрөлхийн авьяас гэж бий. Гэхдээ авьяасаас илүү хөдөлмөр чухал. Нэг хувийн авьяас, 99 хувийн хөдөлмөр гэдэг үг байдаг шүү дээ. Уран бүтээл гэдэг зүгээр л гараараа хийгээд дуусгачихдаг зүйл биш. Тухайн бүтээлийнхээ талаар байнга бодож, судалж, олон талаас нь эргэцүүлж байж сая нэг бодит ажил болдог.
-Венийн Дэлхийн музейд бие даасан үзэсгэлэнгээ толилуулж байсан туршлага тань энэ удаагийн “Монгол хатдын домог” үзэсгэлэнд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн үү? Монголын түүх, соёлыг гадаадын үзэгчдэд хүргэх болон монгол үзэгчдэд хүргэхийн хооронд ямар ялгаа мэдэрдэг вэ?
Европ бол урлаг өндөр хөгжсөн, суурьшмал соёл иргэншилтэй ард түмэн. Тэд урлагийн бүтээлийг хүлээн авах, мэдрэх, үнэлэх маш нарийн мэдрэмжтэй. Мөн бүтээлээс төрж буй сэтгэл хөдлөлийг гүнзгий хүлээн авдаг. Харин монгол үзэгчдийн хувьд бидэнд өөр нэг онцлог бий гэж боддог. Бид бол нүүдэлчин соёлтой, уудам тал нутагт өсөж хүмүүжсэн ард түмэн. Тиймээс монгол хүний сэтгэлгээ, оюун санаа тэнүүн, дотоод мэдрэмж нь өөрийн гэсэн онцлогтой. Монгол хүнд нутаг ус, өв соёлтой нь холбоотой нэг тийм гүн мэдрэмж, бахархал байдаг. Тэр нь бүтээл үзэх үед нь өөрийн эрхгүй сэдэрч, өвөг дээдэс, түүх соёлоороо бахархах сэтгэлийг нь төрүүлдэг юм шиг санагдсан. “Өв соёлоороо бахархаж байна” гэж олон монгол хүн хэлж байсан. “Гайхалтай байлаа, хэлэх үг алга” гэх хүмүүс ч байсан. Энэ бүхэн уран бүтээлч хүний хувьд маш сайхан мэдрэмж төрүүлсэн юм.