АНУ: ОХУ-аас бусад орон Сириэс цэргээ гаргах хэрэгтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-21 10:27:09
twitter.com/Nyamkanmk

ВАШИНГТОН. /almasdarnews/. Сирийн асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Жеймс Франклин Жефри хэвлэлийн бага хурлын үеэр, “Иран Сириэс цэргээ гаргаж, Сирийн хямралыг зохицуулах улс төрийн шийдлийг олсны дараа бусад орон тус улсаас цэргээ эргүүлэн татах хэрэгтэй” гэж мэдэгджээ.


Үүний зэрэгцээ тэрбээр, “бусад орон гэдэгт ОХУ хамаарахгүй. Учир нь 2011 онд Сирийн хямрал эхлэхээс өмнө тус улсад ОХУ-ын цэргийн бааз байсан. Тиймээс бид Сириэс цэргээ гаргах орнуудын жагсаалтад ОХУ-ыг оруулаагүй” гэж мэдэгдсэн байна.


Өмнө нь болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр, “одоогийн байдлаар Сирид АНУ, Израиль, Турк, Иран, ОХУ гэсэн таван орон цэргийн ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ бол аюултай нөхцөл байдал юм. ОХУ өмнө нь Сирид цэргийн ажиллагаа явуулж байсан. Тиймээс тус улс цэргээ гаргах шаардлагагүй. Бусад дөрвөн орон цэргээ гаргах шаардлагатай” гэж мэдэгдэж байжээ.


Мөн тэрбээр, “Сири дэх АНУ-ын цэргийн оролцоо нь зөвхөн “Лалын улс” бүлэглэлийг устгаж, Сирийн хямралыг зохицуулах улс төрийн шийдлийг олж, ОХУ-аас бусад орны цэргүүдийг Сириэс гаргах зорилготой юм” гэдгийг онцлон тэмдэглэв.

Холбоотой мэдээ