Таван автомашины шагналын сантай ургийн баяр зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-07-15 22:33:43

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Казахын ард түмний Хэрэй аймаг, Ботахара-Нура омгоос гаралтай Хазыбайн Байтемир агсны мэндэлсний 75 жилийн ойг угтан таван авто машины шагналын сантай ургийн баярыг энэ сарын 24-ний өдөр Өлгий сумын Шар нуур хэмээх газарт зохион байгуулахаар болжээ.

Ургийн баяраар үндэсний бөхийн барилдаан, их насны морины уралдаан, харилцаа дуу /айтыс/, бод мал өргөх, тулам булаалдах /көкпар/, хүүхэн хөөх /кыз хуар/, мөнгө шүүрэх /тенге илу/ зэрэг  тэмцээнүүд явуулах бөгөөд түрүүлсэн бөхөд Toyota Prado 120, үзүүрлэсэн бөхөд Toyota Prius 30, түрүүлсэн моринд Toyota Alphard, аман хүзүүдсэн моринд Toyota Prius 30, түрүүлсэн найрагчид Toyota Prius 20 автомашин, шөвгөрдсөн бөхчүүд болон айргийн тавд орсон морьдыг мотоциклоор шагнах аж.  

Бөхийн барилдаан, морины уралдаан, бусад уралдаан тэмцээнд оролцох эрх хүн болгонд нээлттэй бөгөөд гадаад, дотоодоос ирсэн зочдыг морины барианы газарт барьсан 60 гэрээс хоол ундаар үнэгүй хангана гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.

Х.Бектемир нь цагтаа Баян-Өлгий аймгийн Авто тээврийн 21 дүгээр бааз, Зам гүүр ашиглалтын конторт он удаан жил үр бүтээлтэй ажиллаж байжээ. Дээрх ургийн баярыг түүний эхнэр С.Хути, үр хүүхдүүд нь болох Б.Ермурат, Б.Саулегүл, Б.Серикбол нар гэгээн дурсгалыг нь хүндэтгэх, нэр алдрыг нь мөнхжүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа аж.

Холбоотой мэдээ