Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн автозам ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-08-21 11:25:29

Баянхонгор /МОНЦАМЭ/Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 километр хатуу хучилттай авто зам бүрэн ашиглалтад орж, энэ сарын 17-ноос тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээлээ. Говь-Алтай аймгийн төвийг нийслэл хоттой холбох хатуу хучилттай авто замын нэг хэсэг болох тус авто замын ажил ийнхүү гэрээт хугацаандаа ашиглалтад оров. 

Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Экзим банкны санхүүжилтээр 2017 оны зургадугаар сард эхлүүлсэн тус төслийн ерөнхий гүйцэтгэгчээр "Шанхай констракшн групп" ХХК ажилласан байна. Харин Их Богд зам ХХК, Их Монгол барилга ХХК, Төгс зам ХХК, Ди Ар Жи ХХК зэрэг дотоодын аж ахуйн нэгжүүд туслан гүйцэтгэгчээр ажиллажээ.

Уг автозам ашиглалтад орсноор баруун аймгуудыг холбосон хэвтээ тэнхлэгийн авто замын сүлжээнд хамрагдах таатай боломж бүрдэж байгаа юм.

Сонирхуулахад, Байдрагийн гүүрнээс Говь-Алтай чиглэлийн 126.7 км замын барилга угсралтын ажлын явц одоогоор 37 хувьтай үргэлжилж байгаа аж. Ерөнхий гүйцэтгэгч Макс Рөүд ХХК ажиллаж байгаа ба энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна.

Холбоотой мэдээ