Налайх, Хайлаар дүүрэг ачаа тээвэр, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-11 11:14:34
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийслэлийн Налайх дүүрэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Хайлаар дүүргийн Засаг дарга нар хоёр дүүргийн харилцаа, хамтын ажиллагааны санамж бичиг энэ сарын 5-нд байгуулжээ.


Хайлаар дүүргийн Засаг дарга Са Гүө Вэнь тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 5-нд Налайх дүүрэгт айлчлах үеэрээ дээрх санамж бичгийг байгуулсан юм. Ингэснээр, Налайх дүүрэг нь Хайлаар дүүрэгтэй салбар бүрт, тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэл, ачаа тээвэр, аялал жуулчлалын чиглэлд түлхүү хамтран ажиллах, харилцан туслах боломж нээгдэж байна. 


Санамж бичиг байгуулах үеэр Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, "Дүүрэг хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд, тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа зэрэг тодорхой чиглэлд бодит ахиц гаргахад хоёр тал мэрийх нь чухал. Үүний тулд байнгын харилцаатай байж, нэг нэгнээ харилцан дэмжиж туршлага солилцож байх хэрэгтэй. Хоёр тал цэцэглэн хөгжихийн төлөө нягт ажиллана гэдэгт итгэж байна" хэмээн онцоллоо.



Мөн Хайлаар дүүргийн Засаг дарга Са Гүө Вэнь, халуун дотноор хүлээн авч буйд нь талархал илэрхийлээд, Хайлаар дүүргийн талаар товч танилцуулав. Тус дүүрэг нь 350 мянган хүн амтай, сүүлийн жилүүдэд эко хот болон хөгжиж байна. Түүнчлэн аялал жуулчлалын салбарт түлхүү анхаарч ажиллаж байгаа бөгөөд Хайлаар-Улаанбаатар чиглэлийн шууд нислэлийг долоо хоногт гурваас илүү явуулах талаар холбогдох албаныхантай хэлэлцэж байгааг онцлов. Тэрбээр, "Налайх дүүрэгтэй бид ачаа тээврийн салбар болон аялал жуулчлалын салбарт маршрут гаргаж, хоёр талын ААН-үүдийг холбох зэргээр харилцаагаа өргөжүүлэх боломж байна. Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар цаашид бидний найрсаг харилцаа ахин нэг шат ахина гэдэгт итгэлтэй байна" хэмээв. 



Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Орлогч дарга С.Тунгалаг, тус дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Б.Батжаргал нарын албаныхан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэгт зургаадугаар сард болсон Монгол-Орос-Хятадын 15 дахь удаагийн эдийн засаг, худалдааны форумд оролцсон. Мөн форумын хүрээнд болсон үзэсгэлэн худалдаанд тус дүүргээс найман жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч оролцож бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулсан юм. Энэ үеэр Хайлаар дүүргийн Засаг дарга Налайхын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дараагийн үзэсгэлэнд илүү өргөнөөр оролцохыг хүссэн юм. Мөн хоёр дүүргийн Засаг дарга нар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах тухай хэлэлцэж тохироод байв.

Холбоотой мэдээ