Гурван нөхөрлөл шилдгээр шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-10-14 18:26:34

Увс /МОНЦАМЭ/.Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь Увс аймгийн аялал жуулчлалын хоёрдугаар форум болон “Ирвэсийн эх нутаг-нөхөрлөл хөгжлийн түншлэл-2019” наадам энэ сарын 11-ний өдөр Улаангом хотноо боллоо. Энэ үеэр байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн 2019 оны ажлыг дүгнэх, нөхөрлөлүүдийн хийсэн бүтээгдэхүүнийг шалгаруулж  урамшуулах, үзэсгэлэн худалдаа явуулах гэх мэт ажлууд зохиогдлоо. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаа, Хан Хөхийн нурууны УТХГН-ийн Хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг нөхөрлөлүүдийн 2019 онд хийсэн ажлын тайланг дүгнэн хэлэлцээд  Өндөрхангай сумын “Улаан хад”, Тэс сумын “Тэсийн цалгиа”, Тариалан сумын “Ундрал” нөхөрлөлийг тус бүр “Шилдэг нөхөрлөл”-өөр шалгаруулсан байна. Шилдэг нөхөрлөлүүдийг цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулжээ. Үүнээс гадна нөхөрлөлүүдийн хийсэн шилдэг бүтээгдэхүүнээр Ховд сумын “Шар арал” нөхөрлөлийн Монгол гутал, цагаан идээ, Түргэн сумын “Рашаант арвижих” нөхөрлөлийн хонь, хурганы элдэсэн арьс, ямааны илгээр хийсэн бүтээгдэхүүн, Тэс сумын “Баян бүрд” нөхөрлөлийн жимс, эрдэнэ шиш, ногоо, гэрийн унь хана, гараар хийсэн эсгий, хүүхдийн гутал, хулсан шүүр, харгана тогооны шүүр, цагаан идээ, гэрийн зээг, утас, бүс бүслүүр, Бөхмөрөн сумын “Ямаат” нөхөрлөлийн хонь, ишигний элдсэн арьс, цагаан идээ, Өндөрхангай сумын “Улаан хад” нөхөрлөлийн гэрийн ширдэг, олбог, хонины элдсэн арьс зэргийг тус тус шилдгээр шалгаруулж цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан байна. Тусгай байрыг Цагаанхайрхан сумын “Чин хөгжил” нөхөрлөл эзэлжээ.

Холбоотой мэдээ