Гэмтэл согог судлалын ээлжит XXI чуулганыг зохион байгууллаа

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-10-21 16:54:43

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Гэмтэл согог судлалын ээлжит XXI чуулганыг Өвөрхангай аймагт зохион байгууллаа. 2019 оны эхнээс зургаан сарын хугацаанд Өвөрхангай аймагт хэрэгжүүлсэн “Орон нутагт гэмтэл согог судлалын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах” төсөлтэй холбогдуулан тус чуулганыг зохион байгуулжээ.

ГССҮТ-ийн эмч нар аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 31 хүртэл ажилласан бөгөөд 2567 үйлчлүүлэгчид үзлэг оношилгоо хийснээс 135 үйлчлүүлэгчид тархины хурц болон архаг хэлбэрийн цусан хурааг авах, гавлын ясны цөмөрсөн хугарлыг сөхөх, дээд мөчдийн ясны хугарлыг ил аргаар бэхлэх, үхжилт эдийг авах зэрэг тэр бүр орон нутагт хийгээд байдаггүй мэс заслыг хийсэн юм.

ГССҮТ-ийн яаралтай тусламжаар жилд дунджаар 91600 орчим иргэн үйлчлүүлдгээс 12324 буюу 13,5 хувийг орон нутгийн иргэд эзэлдэг. Тиймээс сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашигласан хагалгаа, мэс ажилбаруудад хөдөө, орон нутгийн эмч, сувилагчдыг сургах, хөдөөгийн иргэдэд гэмтлийн тусламж үйлчилгээг газар дээр нь хүргэж, цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлт үзүүлэх зорилгоор ийн ажилласан юм. Хэрэв 2567 үйлчлүүлэгч ГССҮТ-д ирж гэмтэл согогийн тусламж үйлчилгээ авсан бол зөвхөн унааны зардалд 236 812 000 төгрөг зарцуулах байсан. Мөн байр, хоол болон бусад урсгал зардалд дээрх мөнгөн дүнгээс хэд дахин их хэмжээний зардал гарах байсныг хэмнэсэн нь төслийн үр дүн юм” хэмээн чуулганы үеэр мэдээлж байв.

Чуулганд зургаан аймгаас гэмтэл согогийн эмч, мэргэжилтнүүд болох 100 гаруй хүн оролцон сайн туршлагаа солилцож, гэмтэл согогийн тусламж үйлчилгээний техник тоног төхөөрөмж, оновчтой судалгаануудын талаар хэлэлцлээ.

Холбоотой мэдээ