Хятадын мэргэжилтнүүд Ангараг дээр газардах аппарат туршжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2019-11-14 15:04:33

ХУАЙЛАЙ /Хятад/. /TASS/. БНХАУ-ын Үндэсний сансрын газрын мэргэжилтнүүд Ангараг гарагийн гадаргуу дээр газардах аппаратыг Бээжин хотоос хойд зүгт туршжээ.


Туршилтыг Хэбэй мужийн Хуайлай хотод тусгайлан бэлдсэн талбайд албаны хүмүүс болон сэтгүүлчдийн оролцоотойгоор явуулсан байна.


Тусгай төхөөрөмж ашиглан уг аппаратыг 70 метрийн өндрөөс Улаан нүдэн гарагийн таталцлын хүчинд тохирох хурдаар газардуулжээ. "Туршилт амжилттай боллоо" гэж мэргэжилтнүүд мэдээлсэн байна. Аппаратыг буулгасан газрын гадаргуу нь тогоо, овоолсон чулуу, жижиг хайрга бүхий Ангараг гарагийн гадаргуутай туйлын төстэй байжээ. 


БНХАУ-ын анхны автомат төхөөрөмжийг Ангараг руу 2020 онд илгээж, харин 10 жилийн дараа уг гарагийн гадаргуугийн хөрсний дээжийг авахаар төлөвлөж байна гэж тус улсын эрх баригчид өмнө нь мэдэгдэж байв. Харин 2050 оноос өмнө Улаан нүдэн гараг руу жолоодлогот нислэг хийнэ гэж Хятадын мэргэжилтнүүд таамаглаж байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, Ангараг гарагийг судалснаар дэлхий ирээдүйд ямар болохыг урьдчилан таамаглахад тус дөхөм болно.


Холбоотой мэдээ