"Ногоон гэрэл - цагаан шугам" тэмцээнд "Шонхрууд" баг тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Ногоон гэрэл - цагаан шугам" тэмцээн боллоо.
Энэхүү тэмцээн нь бага насны хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх замын хөдөлгөөнд зөв, соёлтой оролцох дадал хэвшлийг бий болгох зорилготой юм. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг тэмцээнд Даланзадгад сумын ерөнхий боловсролын сургуулиудын таван баг оролцов. Өөрсдийн мэдлэг оюун, хурд хүчээрээ өрсөлдсөн багуудаас тэргүүн байрыг Даланзадгад сумын тавдугаар сургуулийн "Шонхрууд баг" хүртсэн байна. Дэд байрыг гуравдугаар дунд сургуулийн "Шонхор", гуравдугаар байрыг хоёрдугаар сургуулийн "Золбоотой хүүхдүүд" баг тус тус эзэллээ.
Хүүхдүүдийн дунд хурд хүч сорьсон буухиа тэмцээн, "Яараад яахав дээ", "Дураараа биш дүрмээрээ" аянаар сэдэвчилсэн жүжигчилсэн тоглолт, замын хөдөлгөөний тухай дүрмийн асуулт, хариулт зэргээр тэд өрсөлдсөн байна.
Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Т.Түмэнжаргал хэлэхдээ "Оролцсон багийн хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмийг маш сайн мэдэж байна. Цаашид уг тэмцээнд аймгийнхаа нийт сумын хүүхдүүдийг хамруулж байхаар байна" гэлээ. Тэмцээнийг ГХУСАЗСЗ, Замын цагдаагийн тасаг, Улаан загалмайн хороо хамтран зохион байгуулжээ.