Нигерид 54 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-09-22 11:14:40

ЛАГОС. /Xinhua/. Нигерийн зүүн хойд нутгийн Борно мужийн нийслэл Майдугури хотод ням гарагийн орой хэд хэдэн дэлбэрэлт болсны улмаас наад зах нь 54 хүн амиа алдлаа гэж тус улсын Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Виктор Исуку өчигдөр мэдэгдэв.

Ням гарагийн орой 07:45 цагийн /орон нутгийн цагаар/ үед амиа золиослогч эмэгтэй хөл хөдөлгөөн ихтэй захад халдлага үйлдэх үеэр Майдугуригийн Нгомари хэсэгт хэд хэдэн дэлбэрэлт болсон байна гэж тэрбээр мэдэгдэв.

Лалын шашинтнууд оройн залбирлаа үйлдэж байх үеэр сүмд дэлбэрэлт болсон бол гурав дахь дэлбэрэлт хяналтын төвд болсон гэж мэдэгджээ. Сэжиг бүхий босогчид хяналтын төв рүү тэсрэх бөмбөг шидсэн байна.

Дээрх халдлагуудын улмаас 54 хүн амиа алдаж, 90 хүн хүнд шархадсан гэж Виктор Исуку мэдэгдэв.

Халдлага гарснаас нэг өдрийн дараа “Боко Харам” бүлэглэлийн толгойлогч Абубакар Шекау аудио мэдэгдэл хийж, босогчидтой тэмцэх ажиллагаа амжилттай байгаа гэсэн Нигерийн армийн худал мэдэгдлийг буруушаасан байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд