АНУ Афганистан дахь цэргүүдийнхээ тоог цөөрүүлэхээр төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-12-15 12:09:12

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ Афганистанд байрлаж буй цэргүүдийнхээ гуравны нэгийг буюу 4000 цэргээ татах гэж байгаа тухайгаа ирэх долоо хоногт мэдэгдэхээр төлөвлөж байна гэж телевизийн “NBC News” суваг эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилжээ.


Тус сувгаар мэдээлснээр, цэргүүдийг татах ажиллагааг аажмаар явуулах учир хэдэн сарын турш үргэлжлэх бөгөөд цэргүүдийг гаргасны дараа Афганистанд АНУ-ын наймаас есөн мянган цэрэг үлдэнэ.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Талархлын өдрийн өмнө Афганистанд гэнэтийн айлчлал хийсэн билээ. Тэрбээр Афганистанд байрлаж буй Америкийн цэргүүдтэй болон тус улсын Ерөнхийлөгч Ашраф Ганитай уулзсан. Америкийн цэргүүдийг Афганистанаас гаргана гэж Д.Трамп урьд нь нэг ч удаа мэдэгдэж байгаагүй юм.


Дээрх мэдээлэл Афганистаны хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөн болон АНУ-ын төлөөлөгчдийн хооронд хийж буй яриа хэлэлцээг өнгөрсөн ням гарагт сэргээсэнтэй холбоотойгоор гарсан байна. “Талибан” хөдөлгөөн болон АНУ найрамдлын гэрээнд гарын үсэг зурж магадгүй тухай талибуудад ойр эх сурвалж РИА Новости агентлагт урьд нь мэдээлжээ. Гэвч хэлэлцээг дахин эхлүүлсний дараа талууд өнгөрөгч баасан гарагт зөвлөлдөхөө хэд хоногоор хойшлуулсан байна.


АНУ-ын төлөөлөгчид талибуудтай энэ онд хэдэн сарын турш хэлэлцээ хийж байгаа юм.


Холбоотой мэдээ