Үл хөдлөх хөрөнгийн салбарт 12.1 их наяд юанийн хөрөнгө оруулжээ

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2019-12-19 12:58:24

Бээжин /МОНЦАМЭ/. Энэ оны эхний 11 сарын хугацаанд БНХАУ-ын 31 мужид үл хөдлөх хөрөнгийн салбарт хийсэн хөрөнгө оруулалтын мэдээг тус улсын Үндэсний статистикийн газраас гаргажээ.

            Уг статистикаас харахад Тяньжин, Гуандун, Ляонинь зэрэг 17 мужийн хөрөнгө оруулалтын өсөлт хоёр оронтой тоонд хүрч, дунджаас өндөр байсан бол Хайнань /-25.1%/ , Нинся /-11.6%/, Хөбэй /-1.7%/ мужууд буурсан дүн гарсан байна.

            Энэ оны эхний 11 сарын байдлаар, Хятад улс даяар үл хөдлөх хөрөнгийн салбарт нийт 12.1265 их наяд юанийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд өмнөх оныхтой харьцуулахад 10.2 хувиар өссөн боловч өсөлтийн хурд 0.1 хувиар буурсан байна. Үүнээс орон сууцны салбарт хийсэн хөрөнгө оруулалт 8.9232 их наяд юаньд хүрч 14.4 хувиар нэмэгдсэн ч өсөлтийн хурд 0.2 хувиар буурчээ.  

           Үл хөдлөх хөрөнгийн салбарт хийсэн хөрөнгө оруулалтын дүнгээр Гуандун /1.4 их наяд юань/, Жянсү /1.1 их наяд юань/, Жөзянь /995.8 тэр бум юань/ мужууд тэргүүлсэн бол хөрөнгө оруулалт хамгийн ихээр буурсан Хайнань мужид ердөө 114.2 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийгджээ.

 

Холбоотой мэдээ