С.Билгүүн шатрын Олон улсын Их мастер цол хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-03-06 11:47:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНЭУ-ын Абу-Даби хотноо 2020 оны хоёрдугаар сарын 27-29-нд болсон Дэлхийн Шатрын холбооны 90 дүгээр Конгрессоос Их мастер цолны 4 норм биелүүлсэн Ховд аймгийн шатарчин ОУМ С.Билгүүний цолыг баталгаажуулж Олон улсын Их мастер /ОУИМ/ цол олгов.


Тэрбээр 2018 оны наймдугаар сард зохион байгуулсан “Biel Master Tournament” олон улсын өндөр зэрэглэлийн нээлттэй тэмцээний дараа гадаад чансаа 2503 хүрсэн байсныг үндэслэжээ. Болзол хангасан олон улсын 30 Их мастерын /Grand Master/ дунд Монголын 22 настай шатарчин Сумьяагийн Билгүүн ийнхүү багтав. С.Билгүүн чансааг 2497-д хүргэж, Их мастерын гурван баллыг Швейцар, Португал, БНХАУ-ын нэр хүндтэй тэмцээнд 2018-2019 онд биелүүлсэн аж. Ховд аймгийн харьяат С.Билгүүн Монголын эрэгтэй шатарчдаас ОУИМ болсон тамирчнаар бичигджээ.


Энэ удаагийн конгрессоор Монголын 20 настай залуу шатарчин Цогбаярын Бат-Эрдэнэ Олон улсын мастер /International Master/ цол хүртжээ.


Ташрамд сонирхуулахад, Хамгийн анх Б.Хатанбаатар /Завхан, Дархан-Уул/ ОУИМ цол хүртсэн бол Д.Шаравдорж /Говь-Алтай/, Ц.Батчулуун /Баянхонгор/, Б.Гүндаваа /Өвөрхангай/ нар 2, 3, 4 дүгээрт энэ цолыг хүртээд байсан юм.

Холбоотой мэдээ