Алтанбулаг боомтоор явганаар 104 зорчигч хил нэвтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-03-26 14:37:48

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг дахь Олон улсын авто замын Алтанбулаг боомтын орох чиглэлээр өнөөдөр өглөөний 08:00 цаг хүртэлх хугацаанд нийт 20 тээврийн хэрэгсэл болон явганаар 104 зорчигч хил нэвтэрчээ. Эдгээр зорчигчдоос эрүүл мэндийн асуумж авч үзлэг, тандалт хийсэн байна.

Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт сэжигтэй тохиолдлоор хоёр зорчигчийг, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт сэжигтэй тохиолдлоор хоёр, ажиглалтад 19, Орхон аймаг руу ажиглалтад 44 зорчигчийг тус тус шилжүүлээд байна. Одоогийн байдлаар Алтанбулаг суманд байрших дамжин өнгөрөх байранд 15 зорчигч түр хязгаарлагдаад байгаа ажээ.

Мөн тус боомтоор албаны зорилгоор хил нэвтэрсэн 13 зорчигчоос эрүүл мэндийн асуумж судалгаа авч, эмнэлзүйн  шинж тэмдэг илрээгүй тул зөвлөмж өгч хилээр нэвтрүүлсэн байна.

Мөн Улаанбаатар хотын гүний хяналтын талбай, Сүхбаатар, Орхон, Дархан-Уул аймгийн Гаалийн хяналтын талбайд ачаа буулгах нийт 19 жолоочийг /7 монгол, 12 гадаад/ эрүүл мэндийн үзлэг, тандалтад хамруулан эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй тул хилээр нэвтрүүлжээ. Эдгээрийг Цагдаагийн байгууллагын хяналт хамгаалалтад авч явуулсан байна. Бусад жолооч нарт хилийн бүсэд хяналт шалгалт хийж байгаа аж. Дээрх хугацаанд Алтанбулаг боомтын гарах чиглэлээр нийт таван тээврийн хэрэгслээр болон явганаар 15 зорчигч хил нэвтэрсэн байна. 

Холбоотой мэдээ