Мал аж ахуйн салбарын өрсөлдөх чадварыг нэмэх төсөл хэрэгжүүлнэ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-04-03 08:40:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциацийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт  өргөн барилаа. 


Дэлхийн банкны буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 2013-2017 онд амжилттай хэрэгжсэн "Хөдөө аж ахуйн маркетинг" төслийн хоёрдугаар үе шат болох "Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл"-ийг хэрэгжүүлэх юм. Мал аж ахуйн салбарын өрсөлдөх чадвар, бүтээмжийг нэмэх, экспортыг дэмжих, мал эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх, чадавхжуулах тус төслийг Улаанбаатар хот болон 14 аймгийн 150 суманд хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд малын гоц халдварт өвчнийг 25 хувиар бууруулах, мах сүүний гарцыг 15 хувиар нэмэгдүүлэх, малын үнэ цэийг 20 хувиар нэмэгдүүлэх, 20 мянган малчныг шууд хамруулах зэрэг бодлогын томоохон зорилтууд дэвшүүлсэн байна. Дэлхийн банкнаас Олон улсын хөгжлийн ассоциацийн 30 сая ам.долларын зээлийг 1.25 хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай, эхний 5 жил үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр олгох юм байна. 


Түүнчлэн нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийг утаа бага гаргадаг халаалтын хэрэгслээр хангах, утааг бууруулахаар дунд хугацааны зорилтот арга хэмжээг авч хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл” амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд нийслэлд шилжин ирэгсдийн тоо, тээврийн хэрэгслийн тоо жил тутам нэмэгдэж байгаа. Дээрх төслийн хэрэгжилтийн хугацаанд гарсан сайн үр нөлөөг өргөтгөх зорилгоор 12 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт санхүүжилтийг олгохоор талууд харилцан тохиролцсон байна.

Холбоотой мэдээ