Тосонцэнгэл суманд эмчлүүлж байсан өвчтөн нас баржээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-09-07 20:12:57

Завхан /МОНЦАМЭ/. Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт тарваган тахлын хоёрдогч уушгины халдвараар эмчлүүлж байсан өвчтөн өнөөдөр нас баржээ.

Тэрээр тарваган тахлын хоёрдогч уушгины халдвараар биеийн байдал нь хүндэрч сумын Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлагдан эмчлүүлж байсан юм. Өвчтний биеийн байдал хүнд, байнгын амьсгал, зүрх судас дэмжих эмчилгээ хийгдэж, амьсгалын аппараттай байсаар нас баржээ. Одоогийн байдлаар Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/161-р тушаалын дагуу ажлын хэсэг байгуулж дараагийн арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Дээрх хүний ойрын нэгдүгээр хавьтлын иргэдээс тарваган тахлын эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй байгаа. Тус сумын нутаг дэвсгэрт хорио цээрийн дэглэм хэвээр үргэлжилж байна гэж Зоонозын өвчин судлалын төвийн дарга Г.Дашдаваа мэдээлэв.

Ташрамд тарваган тахал нь нийтийг хамарсан өвчлөл үүсгэдэг учир олон улсын хөл хориот, байгалийн голомтот, гоц аюулт халдварт өвчний ангилалд багтдаг. Тиймээс иргэн та тарвага агнахгүй, идэхгүй, худалдахгүй байх хэрэгтэй. Тарваган тахал өвчнөөс хамтдаа сэргийлье гэж мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна. 

Холбоотой мэдээ