Тайваниас халдвар хамгааллын хувцас, эмнэлгийн хэрэгсэл хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-10-03 16:56:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад Тайваниас суугаа төлөөлөгч Грейс Ж.Р.Лүө манай улсад тусгаарлалтын бүсэд ашиглах эмнэлгийн зориулалтын 5000 хувцас, халдвар хамгааллын 20 мянган хувцас хандивлав. Тайваньд үйлдвэрлэсэн, 400 мянган ам.долларын үнэ бүхий дээрх тусламжийг ХӨСҮТ-д хүлээлгэн өглөө. 

Тусламжийн хувцас хүлээн авсан ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Тайванийн талд талархал илэрхийлээд ХӨСҮТ Тайванийн Үндэсний их сургуулийн харьяа эмнэлэгтэй байнгын холбоотой ажиллаж, туршлага солилцож буйгаа дуулгалаа. Хоёр эмнэлгийн хооронд эмч, ажилтан, мэргэжилтнүүд 9 дүгээр сарын 22-нд хамтарсан видео хэлэлцүүлэг хийжээ. Мөн 10 дугаар сарын 6-нд дахин хийхээр төлөвлөөд байна. 


Түүнчлэн Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газарт цусны даралтын аппарат, пульсоксометр, дефибриллятор, анхны тусламжийн хайрцаг, үзлэгийн ор, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэргэнцэр зэрэг 10 гаруй төрлийн эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв. 

Үүний өмнө Тайванийн талаас өнгөрсөн 6 дугаар сард Монгол Улсад 200 мянган ширхэг эмнэлгийн зориулалттай амны хаалт хандивлаж, халдварт өвчинтэй тэмцэж буй өөрийн орны туршлагаас хуваалцан ажиллаж байна. 


Тайвань нь энэ оны 4 дүгээр сараас эхлэн дэлхийн улс орнуудад халдвар хамгааллын эд хэрэгсэл хандивлах ажлыг өрнүүлж эхлэн, одоогоор 80 гаруй улс оронд нийт 55 сая эмнэлгийн зориулалттай амны хаалт, тусгаарлалтын бүсэд ашиглах 170 мянган ширхэг, эмнэлгийн зориулалтын хамгаалах хувцас, 600 мянган ширхэг халдвар хамгааллын хувцас хэрэгслийг  хандивлаад байна. 


Холбоотой мэдээ