Япон олимпын наадам зохион байгуулах зардлыг нэмнэ

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-29 13:09:34

ТОКИО. /Yomiuri/. Токиогийн олимпын наадмыг зохион байгуулах хороо тэмцээний бэлтгэл хийгээд зохион байгуулахтай холбоотой зардлуудад нэмж 2 тэрбум орчим ам.долларыг гаргахаар болжээ. Цар тахлын улмаас олимпын наадам нэг жилээр хойшлогдож, 2021 онд зохион байгуулагдахаар болсон билээ.


Нэмэлт зардлыг түрээслэгч, хөлсний ажилтнуудтай байгуулсан гэрээний дагуу нөхөн төлбөр олгох, онгоцны тасалбар худалдан авсан мөнгөө авахыг хүссэн хүмүүст буцаан олголт хийхэд зориулах аж.


Олимпын наадмын үеэр 284 сая ам.долларыг хэмнэхээр төлөвлөж буйгаа наадмыг зохион байгуулах хороо 10 дугаар сарын эхээр мэдэгдсэн юм. Тухайлбал, олимпын наадамд албан ёсоор хүрэлцэн ирэх гадны зочид төлөөлөгчдөөс гадна Олон улсын олимпын хорооноос ирэх зочдын тоог 10-15 хувиар бууруулах замаар хэмнэлт хийхийг зорьжээ. Түүнчлэн спортын байгууламжуудын гэрэлтүүлгийг эдийн засагт хэмнэлттэй байдлаар хийх замаар зардлаа танах боломжтой гэж үзжээ. 


Токиогийн олимпын наадам 2020 оны 7 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 9-нд зохион байгуулагдах ёстой байсан хэдий ч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдсон билээ. Наадам хойшлогдсон хэдий ч “Токио-2020” нэрийг хэвээр хадгалж авч үлдэхээр болсон юм.

Холбоотой мэдээ