Хөвсгөлд энэ сарын 12-ноос хойш 3,5 магнитудаас дээш газар хөдлөлт 139 бүртгэгджээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-01-25 21:42:22

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урагш 26 км-ийн зайд энэ сарын 12-нд 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Түүнээс хойш өнөөдрийн 18 цагийн байдлаар тус бүс нутагт 12575 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ.

Үүнээс магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 139 удаа бүртгэгдсэн байна. Хамгийн сүүлд тус сумын Хороо багийн Хачим гэдэг газар сумын төвөөс баруун зүгт 28 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 310 км-т энэ сарын 24-ний 12:01 цагт 3.6 магнитуд, нэгдүгээр сарын 25-ны 00:38 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн давтан чичирхийлэл тус тус бүртгэгдсэн. Тухайн газарт газар хөдлөлийн идэвхжилтэй байна. Ханх сумын иргэдэд 4 магнитудаас дээш хөдлөлт мэдрэгдэж байна гэдгийг гэдгийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалай мэдээллээ.


Холбоотой мэдээ