Хүүхэд хамгааллын үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын төлөөлөлтэй цахимаар уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-06-18 13:16:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/-ын дарга Г.Батдорж нийслэл, дүүрэг, аймаг, сумдад гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй цахимаар уулзлаа.

 

Уулзалтад ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиун, Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг, Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Н.Оюунчимэг болон аймаг, нийслэл, дүүргийн ГБХЗХГазар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Төрийн бус байгууллагуудын төлөөлөл 90 гаруй хүн оролцож, санал солилцлоо.

 

Уулзалтын эхэнд ГБХЗХГ-ын дарга Г.Батдорж гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын чиглэлд хийж, хэрэгжүүлж буй ажил, үйл ажиллагааны зорилго, чиглэлээ танилцууллаа. Улмаар төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, хүүхэд хамгааллыг сайжруулах, хүүхдийн эрхийн чиглэлээрх сургалт, мэдээлэл, зөвлөгөөг олон нийтэд хүргэхэд хамтран ажиллах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай хэлэлцлээ.

 

Мөн хүүхэд хамгааллын үйлчилгээний мэдээллийг тогтмол солилцдог байх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх магадлан итгэмжлэгдсэн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж ажиллах, нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах,  хүүхдэд үзүүлэх үйлчилгээний үнэлгээ, зардлыг тодорхой болгох, үйлчилгээний мэдээллийг мэдээллийн санд оруулах зэрэг асуудлыг ярилцаж санал солилцлоо.

 

Уулзалтын үеэр ТББ-уудаас илэрхийлсэн саналуудыг тэмдэглэн авч, цаашид уг уулзалтыг тогтмолжуулж, сэдэвчилсэн уулзалт болгож, мэдээлэл, санал тогтмол солилцдог байх юм байна. Мөн 2022 оны төлөвлөгөөний биелэлтийг дүгнэхдээ тухайн орон нутгийн байгууллага нь ТББ-тай хэрхэн хамтарч ажилласныг үнэлдэг болох, цаашид бид гэсэн нэгдмэл байдлаар хандлагаа өөрчилж, байнгын уялдаа холбоотой ажилладаг тогтолцоог бий болгоно гэдгийг ГБХЗХГ-ын дарга Г.Батдорж онцоллоо.

Холбоотой мэдээ