Нүүрсний үнийг 95 мянган төгрөгөөс өсгөхгүй байхыг чиглэл болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-09-23 12:20:50

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 719 дугаар захирамжаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, зохиомол хомстол үүсэхээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий ажлын баг байгуулсан.

Ажлын баг холбогдох дүгнэлтээ гаргаж, аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулсан юм.

Түүнчлэн өчигдөр аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Засаг даргын орлогч С.Хонаев нар "Хотгор" компанийн удирдлагууд болон нүүрс тээврийн 30 орчим жолоочтой хамтарсан хурал хийсэн байна. Уулзалтаар сүүлийн үед нэмэгдээд байгаа нүүрсний үнийн өсөлтийн асуудлыг хэлэлцжээ.

ШӨХТГ-ын улсын байцаагч Х.Болатбекийн хэлснээр ажлын багийн шалгалтаар борлуулагчид нүүрсний үнийг өндөр /110 мянга/ тогтоож байгаа, хэмжиж өгдөггүй гэсэн шүүмжлэлийг иргэд хэлсэн байна.

Харин жолооч нар шатахуун болон сэлбэг хэрэгслийн үнэ нэмэгдсэн нь нүүрсний үнийн өсөлтөд нөлөөлж байна хэмээн тайлбарласан аж.

Дээрх хурлаар аймаг болон "Хотгор" компанийн удирдлагууд уурхай дээр жолооч нарт дараалал үүсгэхгүй байх зохицуулалт хийхээр тогтож, шигшсэн нүүрсний үнийг 85 мянга, бүхэл нүүрсний үнийг 95 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй байхыг борлуулагчдад чиглэл болгосон байна.   

Холбоотой мэдээ