Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Токио-2020”-иос медаль хүртсэн тамирчдыг хүлээн авч уулзана

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-09-27 09:36:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Токио-2020” зуны олимп, паралимпын наадамд оролцсон баг тамирчдаа өнөөдөр хүлээн авч уулзана.


Япон улсын нийслэл Токио хотноо энэ оны 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 8-нд болсон “Токио-2020” зуны олимпын XXXII наадамд Монгол Улсаас спортын 10 төрөлд 43 тамирчин өрсөлдсөн билээ. Монгол Улсын шигшээ баг Токиогийн олимпын XXXII наадмаас 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар 206 орноос медалийн чанараар 71 дүгээр байрт, медалийн тоогоороо 47 дугаар байрт шалгарсан.


Тодруулбал, Токиогийн олимпын мөнгөн медалийг жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд барилдсан Иран гаралтай Саид Моллай хүртсэн бол хүрэл медалийг жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 73 кг-д Ц.Цогтбаатар, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-д Б.Болортуяа нар хүртсэн.


Токиогийн олимпын XXXII наадмаас 16 хоногийн дараа болсон “Токио-2020” зуны паралимпын XVI наадамд Монгол Улсын баг тамирчид таеквондо /2/, пауэрлифтинг /1/, байт харваа /2/, жүдо /3/, хөнгөн атлетик /2/, буудлага /1/ гэсэн спортын 6 төрөлд эмэгтэй 4, эрэгтэй 7 тамирчин өрсөлдсөн. Уг наадмаас пауэрлифтингийн төрлийн 107 кг-ын жинд Энхбаярын Содномпилжээ 245 кг-ыг өргөж, паралимпын дээд амжилт тогтоож, паралимпын Монгол Улсын 2 дахь аварга болсон юм. Мөн паралимпын наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн 61 кг-д хүч үзсэн Г.Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 49 кг-д өрсөлдсөн Х.Энхтуяа нар паралимпын шагналт байр эзэлсэн билээ. Ингэснээр Монгол Улс паралимпын наадамд оролцсон 168 орноос амжилтаараа 59 дүгээр байрт шалгарсан.


Засгийн газраас олимпын мөнгөн медаль хүртсэн тамирчин Саеид Моллаейд 60 сая, хүрэл медаль хүртсэн М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт тус тус 30 сая, дасгалжуулагч Х.Болдбаатарт 45 сая, М.Бундмаа, Б.Баттулга нарт тус тус 15 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Мөн паралимпын алтан медаль хүртсэн Гавьяат тамирчин Э.Содномпилжээд 120 сая, түүний дасгалжуулагч Д.Баттулга нарт 60 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгох тогтоол батлаад буй юм. 


Ташрамд дурдахад, Монгол Улсын баг тамирчид 1964 оноос хойш 14 зуны олимпод оролцож, 2 алт, 11 мөнгө, 17 хүрэл медаль хүртэж, 133 орноос 65 дугаарт байрт орж байгаа юм.

Холбоотой мэдээ