Мөнгө, зээл, хадгаламжийн есдүгээр сарын үзүүлэлтүүд

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2021-10-29 14:14:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төгрөгийн хадгаламж 2021 оны есдүгээр сарын эцэст 15.1 их наяд төгрөг болжээ гэж Үндэсний статистикийн хороо (ҮСХ) мэдээлжээ. Энэ нь  наймдугаар сараас 32.4 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт ажээ. Харин 2020 оны есдүгээр сар буюу жилийн өмнөхөөс 3.5 их наяд төгрөгөөр өссөн дүн  юм байна. Төгрөгийн хадгаламжийн 87.1 хувь (13.2 их наяд төгрөг) нь иргэдийн хадгаламж, 12.9 хувь (2.0 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна. Харин валютын хадгаламж  4.1 их наяд төгрөг байгаа аж.  Банкны салбарт хадгаламжийн нөгөө талд  аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээл гэж  байдаг. Зээлийн тоо үзүүлэлтүүдийг ҮСХ хэрхэн гаргасан талаар одоо авч үзье.


Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2021 оны есдүгээр сарын эцэст 20.2 их наяд төгрөг болжээ. Энэ нь наймдугаар сараас 328.2 тэрбум төгрөгөөр, 2020 он буюу бүтэн жилийн өмнөхөөс  2.9  их наяд төгрөгөөр өсжээ. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 50.8 хувь нь иргэд, 46.3 хувь нь хувийн хэвшил, 2.1 хувь нь төрийн байгууллага, 0.9 хувь нь санхүүгийн болон бусад байгууллагынх байна.


Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 2021 оны есдүгээр сарын эцэст 17.2 их наяд төгрөг болжээ. Энэ нь наймдугаар  сараас 472.1  тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Мөн ийм төрлийн зээлийн үлдэгдэл  2020 оны есдүгээр сар буюу нэг жилийн дотор 2.9  их наяд төгрөгөөр өссөн байна. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 84.9 хувийг эзэлж байгаа аж.  


Түүнчлэн хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2021 оны есдүгээр сарын эцэст 1.1 их наяд төгрөг болжээ. Энэ нь наймдугаар сараас 135.9 тэрбум төгрөгөөр, 2020 он есдүгээр сар буюу жилийн дотор  78.6 тэрбум төгрөгөөр тус тус буурчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.3 хувийг эзэлж байна. Системийн хэмжээгээр чанаргүй зээл 2021 оны есдүгээр сарын эцэст 2.0 их наяд төгрөг байгаа нь наймдугаар сараас 8.0 тэрбум төгрөгөөр буурсан дүн юм.  Мөн чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.8 хувийг эзэлж байгаа аж. Санхүү банкны салбарт хадгаламж зээлээс гадна өөр бусад нэр төрлийн тоон үзүүлэлтүүдийн талаар ҮСХ хэрхэн мэдээлснийг доорх хүснэгтэд харуулжээ.



Mөнгөний нийлүүлэлт (M2) 2021 оны есдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 27.0 их наяд төгрөг болж, 2020 оны мөн үеэс 4.6  их наяд төгрөгөөр өсжээ. Жилийн дотор ийм өсөлт гарахад, валютын харилцах 39.9  тэрбум төгрөгөөр, төгрөгийн харилцах 1.9  их наяд төгрөгөөр, төгрөгийн хадгаламж 3.5 их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ гэсэн тайлбарыг ҮСХ хийжээ.

Бага мөнгө (M1) 2021 оны есдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 5.6 их наяд төгрөг болж, наймдугаар сараас 95.4 (1.7%) тэрбум төгрөгөөр буурчээ. Сарын дотор гарсан энэ үзүүлэлт 2020 он буюу өнгөрсөн нэг жилийн хугацаанд 2.0 их наяд төгрөгөөр өссөн байна. Бага мөнгө (M1)-ний 4.8  их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 791 тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө ажээ.

Бараг мөнгө 2021 оны есдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 21.4 их наяд төгрөг болсон нь наймдугаар сараас 56.6  тэрбум төгрөгөөр буурсан дүн байна. Харин 2020 он буюу нэг жилийн дотор  2.5  их наяд төгрөгөөр өссөн. Бараг мөнгөний 15.1  их наяд төгрөг нь төгрөгийн хадгаламж, 4.1 их наяд төгрөг нь валютын хадгаламж, 2.2  их наяд төгрөг нь валютын харилцах ажээ. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2021 оны есдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөг болж наймдугаар сараас 23.2 тэрбум төгрөгөөр буурчээ. Гэхдээ 2020 оны есдүгээр сар буюу  жилийн өмнөхөөс 107.0 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм байна.


Мөнгөний нийлүүлэлт (M2): Хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө, төгрөгийн болон валютын харилцах, хадгаламж, цэвэршүүлсэн алтны харилцах, хадгаламжийн сертификатын нийлбэрээр тодорхойлно.

Гэхдээ цэвэршүүлсэн алтны харилцах дансны үлдэгдлийг хамруулах бөгөөд бусад үнэт металлын харилцах дансны үлдэгдлийг хамруулахгүй.

Бага мөнгө (М1): Хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө болон төгрөгийн харилцах дансан дахь мөнгөний нийлбэрээр тодорхойлно.  

Бараг мөнгө: Төгрөгийн болон гадаад валютын хадгаламж, валютын харилцах, цэвэршүүлсэн алтны харилцах, хадгаламжийн сертификатын нийлбэрээр тодорхойлно гэсэн тайлбар байна.


Үнэт цаасны арилжаагаар 2021 оны эхний 9 сард 1.1 их наяд төгрөгийн гүйлгээ хийж, 523.6 сая ширхэг үнэт цаас арилжжээ. Энэ нь  2020 оны есдүгээр сар буюу жилийн өмнөх  гүйлгээнээс 1058.1 (31.4 дахин) тэрбум төгрөгөөр, арилжсан үнэт цаас 313.5 (2.5 дахин их) сая ширхгээр тус тус өсжээ.


Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс 2021 оны есдүгээр сард 44824.4 нэгж болсныг өмнөх сараас 9672.3 нэгжээр, 2020 оны есдүгээр сараас 27648.2 нэгжээр өссөн дүн гэж тооцсон байна.

Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 2021 оны есдүгээр сарын эцэст 5.0 их наяд төгрөг болсон нь наймдугаар сараас 281.1 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм байна.


Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш 2021 оны наймдугаар сард 2848.94 төгрөг байна. Энэ нь 2020 оны есдүгээр сартай харьцуулбал 5.23 төгрөгөөр чангарчээ. Мөн төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 2021 оны 9 дүгээр сард 441.19 төгрөг байгаа аж.  

Холбоотой мэдээ