Энэтхэг улс дэлхийн улс орнуудад зориулж 5 тэрбум гаруй тун вакцин үйлдвэрлэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-10-31 11:53:32

ШИНЭ ДЕЛИ. /TASS/. Энэтхэг улс 2022 онд дэлхийн улс орнуудад зориулж 5 тэрбум гаруй тун коронавирусний вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд тус улсад үйлдвэрлэсэн вакциныг аль болох хурдан хүлээн зөвшөөрөхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад /ДЭМБ/ уриаллаа.


Энэ тухай Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди бямба гарагт Хорийн бүлгийн (G20) дээд хэмжээний уулзалтад оролцохдоо мэдэгджээ.


“Энэтхэг улс дэлхийн нийтийн өмнө хүлээсэн үүрэгтээ үргэлж нухацтай ханддаг. G20-ийн дээд хэмжээний уулзалтын индрээс би Энэтхэг улс ирэх онд 5 тэрбум гаруй тун вакциныг дэлхий дахинд гаргахаар бэлтгэж байгааг та бүхэнд мэдэгдэж байна. Энэтхэгийн энэ амлалт нь дэлхийн даяар коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд ихээхэн түлхэц болно. Тиймээс Энэтхэгийн вакциныг ДЭМБ аль болох хурдан хүлээн зөвшөөрөх нь зайлшгүй чухал юм” гэж Моди мэдэгдсэн байна.  


Тэрбээр мөн эмийн хүчирхэг үйлдвэрүүдтэй тус улс дэлхийн 150 гаруй оронд коронавирусний вакцин нийлүүлсэн гэдгийг сануулжээ.


Ерөнхий сайд мөн вакцины олон улсын тээвэрлэлтийг хөнгөвчлөх, вакцинжуулалтын гэрчилгээг харилцан зөвшөөрөх механизмын асуудлыг хөндсөн байна. “Эдийн засгийг сэргээхийн тулд олон улсын аялал жуулчлалыг эрчимжүүлэх шаардлагатай. Үүний тулд бид вакцинжуулалтын гэрчилгээг харилцан зөвшөөрөх ёстой" гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.


Моди "дэлхийн санхүүгийн бүтцийг илүү шударга болгохын тулд" томоохон корпорацуудад 15 хувиас доошгүй татвар ногдуулахыг дэмжсэн “G20”-ийн шийдвэрт сэтгэл хангалуун байгаагаа мөн илэрхийлсэн байна. 

Холбоотой мэдээ