Нийслэлийн замын түгжрэл ба бодит байдал

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2021-11-25 14:27:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын замын түгжрэл шүдний өвчин болоод уджээ. Тэгвэл ямар тоног төхөөрөмжөөр, хэдий хэмжээний орон зайд замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулж байгаа талаар авч үзье. “Нийслэлийн хэмжээнд явган болон автомашины 150 орчим гэрлэн дохионы зохицуулалт, хяналтын, зөрчлийн зэрэг олон чиг үүргийн 200 орчим камер 24 цагаар ажилладаг” гэж ЗХУТ-ийн дарга Д.Одбаяр онцолжээ. Тээврийн цагдаагийн алба (ТЦА)-тай хамтран тус байгууллага дээрх үйл ажиллагааг өдөр тутам явуулдаг юм байна. Замын цагдаа 39 хяналтын камерын тусламжтайгаар уулзвар дээрээс станцаар Замын хөдөлгөөний удирдлагын төв (ЗХУТ)-рүү холбогдон түгжрэл үүсгэхгүй байх үүднээс замын хөдөлгөөнийг зохион байгуулдаг байх юм. Нийслэлийн замын хөдөлгөөний техник хэрэгсэл өдөрт дунджаар замын хөдөлгөөнд оролцох 450 мянга орчим тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах боломжтой гэх.


Гэтэл улсын бүртгэлд  нэг сая гаруй тээврийн хэрэгсэл байна. Түүний 650 мянга нь нийслэлд бүртгэлтэй байх жишээтэй. Тэдгээр автомашин замын хөдөлгөөнд оролцоно. Гэхдээ замын хөдөлгөөнийг зохицуулах хүчин чадлаас давсан тул ажлын өдрүүдэд замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслийг улсын дугаараар оролцох хязгаарлалт хийдэг. Энэ бол нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашины тоог захиргааны аргаар цөөрүүлж байгаа нэг хэлбэр. Түүнээс гадна нийтийн тээврийн нэвтрэх чадвар, тоог нэмэхэд замын хөдөлгөөнд оролцох автомашины тоо цөөрнө гэсэн ойлголт байна.  Нийслэлийн нийтийн тээвэрт 1000 орчим автобус 74 чиглэлд өдөрт 650 000 иргэнд (2019 оны байдлаар) үйлчилгээ үзүүлдэг гэсэн тоон үзүүлэлт бий. Гэхдээ үйлчилгээний чанар, хүрэлцээн дээр байнга өвөлд хүйтэн, удаан хүлээлгэдэг, орой эрт зогсдог гэх гомдол ар араасаа хөвөрдөг. Энэ оны 9 дүгээр сард нийтийн тээврийн автобусны хугацааг (12 жил) дууссан гэдэг үндэслэлээр нэг жилээр сунгасан. Нөгөө талаар нийтийн тээврийн автобусыг зөвхөн Офицеруудын ордноос 5 шар хүрэх чиглэлд замын нэгдүгээр эгнээгээр явуулдаг. Бусад чиглэлд нийтийн тээврийн автобус ийм эрх эдлэхгүй.  Энэ нь уг төрлийн тээврийн хэрэгслийн нэвтрэх чадварыг доройтуулж байна. Дээрх тоон үзүүлэлтүүд, үйл явдлаас нийтийн тээврийн хүрэлцээ сайнгүй байгаа гэдгийг харж болно. Гэхдээ энэ чиглэлээр бас огт ажил хийхгүй байна уу гэвэл  үгүй. Нийтийн тээвэрт энэ оны төгсгөл, ирэх оны эхээр нийт 100 орчим шинэ автобус шугамд явуулах бэлтгэл хийж байгаа юм билээ. Нийслэлийн 2022 оны төсөв 12 дугаар сарын 15-ны дотор батлагдана. Төсөвт нийтийн тээврийн шугамд явах шинэ 200-300 автобус худалдан авах хэмжээний мөнгө суулгах тооцоо судалгааг холбогдох байгууллага хийсэн байна. 


НИТХ-д өргөн барьсан төсөв өөрчлөгдөхгүй батлагдсан нөхцөлд ирэх жил дээрх хэмжээний шинэ  автобусаар парк шинэчлэл хийх бололтой. Эдгээр нь нийслэлийн замын хөдөлгөөнд оролцох автомашины тоог цөөрүүлэх чиглэлээр авч байгаа арга хэмжээнүүд. Гэхдээ жилд 85000-95000-аар нэмэгдэж байгаа тээврийн хэрэгслийн механик өсөлтийг гүйцэхгүй байгаа аж. Түүнээс гадна нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлд хийсэн (2020 оны аравдугаар сарын байдлаар) судалгаагаар тээврийн хэрэгслийн 9 хувь нь 0-6 жилийн наслалттай буюу шинэ гэж гарсан байна. Харин 78 хувь нь 10 жилээс дээш жилийн өндөр наслалттай хуучин хэмээн гарчээ. Өндөр наслалттай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох нь зам дээр эвдэрч гэмтэх, унтрах гэх мэтээр түгжрэл үүсгэдэг сул талтай гэж мэргэжлийн байгууллага үздэг юм байна. Замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашин нийтийн тээврийн автобусны талаар товчхон авч үзэхэд ийм байх жишээтэй.


Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах ажлын хэсэг байгуулагджээ. Тэд хийх ажлаа төсөв мөнгө зайлшгүй шаардлагатай болон шаардлагагүй хэмээн хоёр хуваажээ. Төсөв мөнгө шаардлага багатай, гэхдээ нэн даруй хийх ёстой ажлын  жагсаалтад байгууллага аж ахуйн нэгжүүдийн зам талбай, нийтийн эзэмшлийн газруудыг хааж барьсан хашлага, авто гаражуудыг буулгаж зам талбай чөлөөлөх ёстой гэж оруулжээ. Гэхдээ Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба (НГЗБА) ийм ажлыг жил бүр төлөвлөгөө гарган хийдэг. Сүүлийн жилүүдэд (2020 онд)  1 дүгээр хороолол (СХД), Хавдар судлалын эмнэлэг (БЗД)-ийн эргэн тойрон дахь  гаражуудыг буулгаж гарц, орц цэцэрлэгт хүрээлэн болгосон (2019 онд). Гэвч зам хаасан хашаа, цайз нийслэлд байсаар байна. Тэр бүхнийг эмх журамд оруулах бололтой.


Улаанбаатар хот газар зүйн байршлын хувьд дөрвөн уулаар хүрээлэгдсэн хязгаарлагдмал орон зайтай. Түүнээс гадна Сүхбаатарын талбайгаас хоёр километрийн радиуст их, дээд сургууль, яам, улсын эмнэлэг гэх мэт томоохон 86 байгууллага нэг дор оршдог онцлогтой. Энэ нь хотын төв рүү чиглэсэн хэт ачаалал үүсэх нөхцөл бүрдүүлжээ. Энэ бол нийслэлийн замын түгжрэлд хүндрэл үүсгэдэг байршил, орон зайн том нөлөөлөл гэж мэргэжилтнүүд үзэх юм. Тийм учраас нэг төвт хотоос олон төвт хот руу шилжих анхны алхмыг өнгөрсөн хугацаанд хийжээ. Байршил орон зайн энэ хязгаарлалтаас гарахын тулд Сэлбэ  (Сүхбаатар, Чингэлтэй дүүргийг дамжсан), Баянхошуу (СХД) дэд төвийн бүтээн байгуулалтыг сүүлийн жилүүдэд хийлээ. Цаашдаа Дамбадаржаа (СБД), Дэнжийн мянга (ЧД), Шар хад (БЗД), Толгойт (СХД), Морингийн даваа (ХУД) зэрэг газарт ийм дэд төвүүд баригдана. Ийм төлөвлөлт, бүтээн байгуулалт нь дунд болон урт хугацаанд нийслэлийн замын түгжрэлийг арилгахад нэмэр болох юм.


Нийслэлийн өвөлжилтөд хамгийн их хамааралтай зүйл нь цас орсон үед хийх замын цэвэрлэгээ байдаг. Түүнд  зориулж зориулалтын бодис, давс  нөөцөлдөг. Энэ жилийн хувьд  2253.5 тонн зориулалтын бодис, 583 тонн давс нөөцөлжээ. Өнгөрсөн өвөл хотын хэмжээнд 440 тонн давс хэрэглэсэн байна. Тэгэхээр энэ оны нөөцлөлт хангалттай гэж мэргэжлийн байгууллагууд үзжээ.

Холбоотой мэдээ