Монгол банхар нохойн стандартыг анх удаа баталлаа

Монголын мэдээ | Нийгэм
khandmaa@montsame.gov.mn
2021-11-26 19:47:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монголын нохой судлалын холбоо болон Монгол банхар судлалын холбоод хамтарч 2012 оноос хойш судалсны үндсэн дээр Монгол банхар нохойны стандартыг боловсруулсан бөгөөд тус стандартыг Стандарт хэмжил зүйн газраас албан ёсоор баталж, стандартын эхийг Монгол банхар судлалын холбоонд хүлээлгэн өгөх ажиллагаа өчигдөр болжээ. 

Монгол банхрын хэв шинж, үүлдэрлэг байдлыг тодорхойлж Дэлхийн нохой судлалын холбоонд албан ёсоор бүртгүүлж, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, сурталчлах шаардлага тулгараад байгаатай холбоотойгоор нохойны үүлдэр угсаа, бие бялдрын тухай Үндэсний стандарттай болох шаардлагатай байсан юм. 

“Уг стандартыг Олон улсын нохой судлалын холбооноос тавьдаг суурь стандартын шаардлагуудад нийцүүлж боловсруулсан бөгөөд Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх ХАА-н стандартчиллын Техникийн хороо (17)-ны хурлаар хэлэлцүүлж, СХЗГ-ын даргын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 57 дугаар тушаалаар баталсан” гэдгийг Стандартын хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Б.Эрдэнэзул энэ үеэр тодотгосон байна.

Монгол нохойн хөгжлийг дэлхийд гаргахын тулд цаашид Тайга нохойны стандартыг боловсруулж батлуулахаар ажиллаж байгаа юм байна. 

Дэлхий дээр 352 нэр төрлийн үүлдрийн нохой байдаг бөгөөд эдгээр нь хүний гар, үржил селекцийн үр дүнд бий болсон үүлдрүүд юм. Харин монгол Банхар нохой нь олон мянган жилийн туршид байгалийн эрс тэс уур амьсгал, монголчуудын нүүдэлчин ахуй амьдрал, уламжлалт ёс заншлын нөлөөнд бий болсон байгалийн зөн билэг өндөр хөгжсөн, сүргээр болон бие даан амьдрах чадвартай монгол үндэстний уугуул нохой билээ.  


Холбоотой мэдээ