Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченког хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2021-11-27 09:34:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдаанд оролцохоор хүрэлцэн ирсэн ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченког өчигдөр хүлээн авч уулзав. 


ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтай энэ сарын 9-нд утсаар ярьсны мөрөөр Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан Улаанбаатар хотод амжилттай болж байгаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баяр хүргэв. Мөн хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хоёр тал оны туршид өргөн тэмдэглэж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх айлчлалд Монголын тал ач холбогдол өгч, бэлтгэл хангаж буйг Ерөнхий сайд тэмдэглээд, хоёр улсын харилцаанд хуримтлагдсан зарим асуудлыг шийдэх чиглэлээр идэвхтэй ажиллаж буйг онцлов. Хоёр улсын харилцааны шинэ зуунд хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, хамтарсан томоохон төсөл, хөтөлбөр эхлүүлэх нь чухал гэж үзэж буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэлээ.


ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко хүлээн авч уулзсанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд талархал илэрхийлж, Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр тохиролцсон томоохон асуудал,  Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын бэлтгэл хангах хүрээнд Оросын талын хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэв.

 

Холбоотой мэдээ