Чөлөөт бөхийн төрөлд дифлимпын анхны аварга төрлөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын зуны XXIV дифлимпын наадам Бразилын Кашиас-ду-Сул хотноо болж байна.
Дөрвөн
жил тутамд нэг удаа болдог тус наадмын чөлөөт бөхийн төрөлд Өвөрхангай аймгийн
БТСГ-ын дасгалжуулагч, спортын мастер Э.Баттүшигийн удирдлага дор манай улсаас 3
тамирчин оролцсоноос Өвөрхангай аймгийн тамирчин, "Самсун-2017"
дифлимпын мөнгөн медальт Намдагдоржийн Эрхэмбаяр 65 кг жинд алтан медаль
хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв.
Тэрбээр
шөвгийн наймд Казахстаны Пернешийг 9:6-аар, хагас шигшээд 4 жилийн өмнө Самсуны
дифлимпод ялагдаж байсан Ираны Ростамабадиг 9:1-ээр, финалд Киргизийн Исаковыг
14:4-өөр ялснаар чөлөөт бөхийн төрөлд дифлимпын анхны аварга болов.