БАЯН-ӨЛГИЙ: Хууль бусаар тарвага тээвэрлэж явсан зөрчил илрүүлэв

ОРОН НУТАГТ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-08-09 11:19:02

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын шийдвэрээр тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх 45 хоногийн аяныг энэ сарын 7-ны өдрөөс аймгийн хэмжээнд өрнүүлж байгаа.

Аяны хүрээнд аймгийн онцгой байдал, зоонозын өвчин судлал зэрэг байгууллагуудын алба хаагчид тарваган тахлын байгалийн голомт өндөр идэвхтэй байгаа, эрсдэл өндөр сумдад хөдөлгөөнт эргүүл хийж, ард иргэдэд сэрэмжлүүлэг мэдээ, мэдээлэл хүргэн ажиллаж байна.

Эргүүлийн үүрэг гүйцэтгэх явцад энэ сарын 8-ны өдөр Цэнгэл сумын нутаг дэвсгэрээс иргэн А мотоциклээр хууль бусаар 4 ширхэг тарвага тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлжээ.

Агнасан тарвагыг шинжлүүлэхээр аймгийн Зоонозын өвчин судлалын төвд хүлээлгэн өгчээ. Харин зөрчил гаргасан иргэний хэргийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.

Иймээс тарвага агнахгүй байх, үхсэн мэрэгч амьтдын сэг зэм байвал мэргэжлийн байгууллагад мэдэгдэх, тарваган тахлын эсрэг вакцинд хамрагдах зэргээр өөрсдийнхөө амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг аймгийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.   

Холбоотой мэдээ