ӨМНӨГОВЬ: Дэлхийн аваргын хүрэл медальт З.Занабазарт хүндэтгэл үзүүлэх барилдаан болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
ӨМНӨГОВЬ /МОНЦАМЭ/ Дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн 2022 оны тэмцээн Бүгд Найрамдах Серби Улсын нийслэл Белград хотод өнгөрсөн 9 дүгээр сард болсон. Тус тэмцээнээс Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул Занданбудын Занабазар хүү 57 кг жинд амжилттай барилдаж хүрэл медаль хүртсэн билээ.
Монгол Улсад 1980 оноос хойш олимпын төрөлд чөлөөт бөхийн эрэгтэй тамирчин медаль хүртээгүй байсан бөгөөд дэлхийн аваргаас ийнхүү медаль хүртэж байгаа анхны тамирчин болж байна. Тамирчин З.Занабазарын энэхүү түүхэн амжилтыг хүндэтгэн Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ, Баяндалай сумын нутгийн зөвлөл хамтран 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мялаалга барилдааныг зохион явууллаа. Орон нутгийн удирдлагууд талархал илэрхийлж З.Занабазарыг 2 өрөө байраар шагнан урамшуулсан юм.
Дэлхийн аваргын хүрэл медальт З.Занабазар нь
2017 онд Азийн аваргын хүрэл медаль, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медаль, 2022
онд Чөлөөт бөхийн 57 кг жинд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль,
Казахстаны Тараз хотноо болсон Олон улсын тэмцээнд хүрэл медаль хүртэж байсан
амжилтуудыг гаргажээ. Тэрээр үндэсний шигшээ багийн "Хилчин" спорт
хорооны тамирчин. З.Занабазарт зориулсан хүндэтгэлийн барилдааныг үзэж сонирхохоор түүний багш Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч
Т.Баттулга, анхны багш дасгалжуулагч Ц.Гантөгс, мөн улс аймгийн цолтой 60 гаруй
шилдэг тамирчин хүрэлцэн ирсэн байв.