Монгол үндэстний үнэн түүхийг өвлүүлэн үлдээхэд Тусгаар тогтнолын өдөр чухал ач холбогдолтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол үндэстний үнэн зөв түүхийг өвлүүлэн үлдээхэд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдөр чухал ач холбогдолтойг өнөөдөр болсон эрдэм шинжилгээний хурлын үеэр эрдэмтэн судлаачид онцлов.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын 111 жилийн ой энэ сарын 29-нд тохионо. Эл өдөрт зориулан Богд хааны ордон музейгээс "Богд Жавзандамбын судлалд" эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
Тус хурлаар Богдын үйлс хэрэг, зохиол бүтээл болон монголчууд яагаад энэхүү өдрийг тэмдэглэх ёстой зэргийг хэлэлцэв.
Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны 12 дугаар сарын 29-нд эцэслэн Үндэсний тусгаар тогтнолоо зарлаж VIII Богд Жавзандамба хутагтыг шашин, төрийг хослуулан баригч, хэмжээлшгүй эрхт хаанд өргөмжилсөн юм. Монголчууд бид яагааад энэхүү өдрийг тэмдэглэх учиртайг эрдэмтэд ийнхүү ярьж байна.
Төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан: Түүх бол тусгаар тогтнолын баталгаа, нотолгоо. Энэ газар нутаг, улс төрийн уламжлал монголчуудынх гэдгийг нотолж байдаг. Үүнийг монгол үндэстний эрх ашигт нийцсэн байдлаар судалж, үнэн бодитоор бичих хэрэгтэй. Өргөн олон түмэнд монголын түүхийг өчүүхэн багаас эхлээд том болтол нь мэдүүлэх, таниулах нь онц чухал юм. 12 дугаар сарын 29-ний өдөр бол Монголчуудын үндэсний баярын өдөр. Хуучнаар халх дөрөв Ховдын хязгаар нутаг буюу 1.5 сая хавтгай дөрвөлжин км нутаг газрын дээрх, доорх баялагтайгаа, төрийн уламжлалтайгаа монголчуудынх мөн гэдгийг түүх нотолдог. Тусгаар тогтнол гэдэг бидний оршин тогтнохын хамгийн гол утга учир юм. Тиймээс энэ өдөр монголчууд монгол дээл хувцсаа өмсөж, монголоороо ярьж, монгол хоол ундаа идэж, өвөг дээдсэээс уламжлан ирсэн зүйлээ үр хүүхэддээ өвлүүлэх учиртай.
Түүхийн ухааны доктор Х.Мөнхбаяр: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдөр бол 3.5 сая хүнээс гадна бусад монгол үндэстний хувьд хамааралтай. Бид монгол үндэстний найдлага, итгэл үнэмшил, бахархал нь. Бид байгаа учир бусад монгол үндэстэн ямар нэг бие даасан байдлаар онцлогоо авч үлдсэн. Тусгаар тогтнолын нэгэн илэрхийлэл нь тусгаар тогтнолын баяр юм. Монголын тусгаар тогтнолын баяр нь Богд хаан сууринд заларсны баяр болон Улсын баяраар уламжлагдсаар Үндэсний их баяр наадам болон хэлбэршин тогтсон. Монголын тусгаар тогтнолын баяр төлөвшихөд Богд хаан чухал үүрэг гүйцэтгэсэн.
Харин тухайн үеийн монголчуудын улс төрийн байдал хэрхэн үргэлжилж бусад улс орнуудтай харилцаж байсныг энэ удаагийн эрэм шинжилгээний хуралд хэлэлцсэн нь онцлог байлаа.
Түүхийн ухааны доктор, профессор Ж.Урангуа хэлэхдээ, "Манай Ар Монголын үндэсний эрх чөлөөний удирдагчид бие биеэ олж, нэгдэж нягтарч, улмаар Үндэсний эрх чөлөөний хувьсгал хийх манлайлах хүчнээ тогтоож чадсан. Тиймээс Ар Монгол дахь Үндэсний эрх чөлөөний хувьсгал амжилтад хүрсэн нь тодорхой байгаа юм" гэв.
Монголчууд бидний өнөө цагт өвлөгдөн ирсэн түүхийн эх сурвалжуудад дэлхийн улс орны түүх хамт бичигдсэн байдаг. Тиймээс ирээдүй хойч үедээ энэ түүхийн үнэн мөн чанарыг нь гээгдүүлэхгүй өвлүүлэн үлдээх нь чухал гэдгийг судлаачид тодотголоо.