ЮНЕСКО-гийн төв байранд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2023-11-21 15:55:53

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Парис хотноо хуралдаж буй ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 42 дугаар чуулганы хүрээнд ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Монгол Улсын Байнгын төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Монголын Дауны холбоо, “Трио” киноны уран бүтээлчид ЮНЕСКО-гийн Нийгэм, хүмүүнлэгийн салбартай хамтран энэ сарын 17-нд “Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухаанаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, нийгмийн нягтралыг тэргүүлэх нь” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв.


Хэлэлцүүлгийг нээж ЮНЕСКО-гийн Нийгэм, хүмүүнлэгийн салбарын орлогч захирал хатагтай Габриела Рамос, Монгол Улсаас БНФУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч У.Нямхүү нар үг хэлэв.


Хатагтай Габриела Рамос хүний эрхийн асуудлаар маш чухал хэлэлцүүлэг хийж буйг сайшааж, энэ чиглэлээр олон улсын хүрээнд дорвитой алхам хийхийг гишүүн улс орнуудад уриалсан бол Элчин сайд, Байнгын төлөөлөгч У.Нямхүү Монгол Улс, ЮНЕСКО-той хамтран ажиллах 2023-2029 оны дунд хугацааны санамж бичигт тусгасан Монгол Улсын Засгийн газрын зорилтот ажлыг энэхүү Ерөнхий бага хурлын чуулганы үеэр тусгайлсан арга хэмжээг зохион байгуулах боломжийг олгосонд ЮНЕСКО-д болон санаачилгыг гарган хамтран ажилласан Монголын Дауны холбоо, арга хэмжээнд дэмжлэг үзүүлсэн ГХЯ-ны дэргэдэх “Эмэгтэйчүүдийн дипломат клуб”, Аллиер-Монголын хамтын ажиллагааг дэмжих Францын АПАУ нийгэмлэг, Трио” киноны уран бүтээлчид, Тарвалин хийд, Mongol Identity холбоонд талархал илэрхийлэв.    


Хэлэлцүүлгийг Дауны холбооны үүсгэн байгуулагч, зөвлөх В.Ганзориг удирдан чиглүүллээ. Хэлэлцүүлэгт ЮНЕСКО-гийн Нийгэм хүмүүнлэгийн салбарын Гүйцэтгэх албаны дарга Мариагразиа Скичиарини, “Mongol Identity” ТББ-ын захирал, хүний эрхийн тэмцэгч, зохиолч Ууганаа Рамси, Ази, Номхон далайн Дауны холбооны зөвлөх Пол Занон, Тарвалин хийдийн тэргүүн хамба Т.Ариунболд, Трио” киноны найруулагч, жүжигчин Д.Баттөмөр нар панелистээр, ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын чуулганд оролцож буй гишүүн улс орнуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, хүний эрх болон хөгжлийн бэрхшээлийн чиглэлээр ажилладаг байгууллага, хүмүүс тус тус урилгаар оролцож санал бодлоо илэрхийлэв.


Энэ үеэр дауны хам шинжийг жишээ болгон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэм дэх байр суурийг Монголын соёл, ахуйн онцлогтойгоор харуулсан, олон улсын кино наадмуудаас хэд хэдэн шагнал хүртээд буй “Трио” монголын уран сайхны киног толилууллаа гэж Парис дахь Монгол Улсын ЭСЯ мэдээлэв






Холбоотой мэдээ