Малын тэжээлийн экспортыг ирэх оны гуравдугаар сар хүртэл зогсоосныг 2024 он дуустал сунгалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-12-20 15:16:41

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өвөлжилтийн нөхцөл байдал, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон Архангай, Завхан аймагт ажилласан талаараа мэдээлэл хийсэн байна.


Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр Монгол орны нийт нутгийн 81 хувьд цасан бүрхүүл тогтсон бөгөөд цаашид хүйтний эрч чангарах, их хэмжээний цас орох, хүчтэй цасан шуурга шуурах, цасны өнгөн хэсэг хайлмагтаж мөсөн бүрхүүл тогтох зэргээр 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байна. Энэ сарын 10-ны өдрийн байдлаар 11 аймгийн 40 сум цагаан зудтай, 12 аймгийн 48 сум зудархуу нөхцөлд байгаа аж.  


Монгол орны нийт нутгаар өнгөрсөн сарын нэгнээс энэ сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт дөрвөн удаагийн цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл болсон. Их хэмжээний цас орсны дараа нийт нутгаар дулаарч, эргэж хүйтэрсний улмаас цасны өнгөн хэсэг хайлмагтаж мөсөн бүрхүүл тогтон бэлчээр дарагдсан байна. Танилцуулгатай холбогдуулан малын тэжээлийн экспортыг ирэх оны гуравдугаар сарын 1 хүртэлх хугацаанд зогсоосон байсныг 2024 он дуустал сунгав.


Мөн нөхцөл байдал хүндэрч отор нүүдэл нэмэгдэж байгаа тул отроор яваа малчдыг хөөх асуудлыг таслан зогсоож, бэлчээрийн даац, нөөц боломжид тулгуурласан отор нүүдлийн зохицуулалтыг тухай бүрд нь хийж, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, аймаг, сумдын Засаг дарга нарт Засгийн газрын хуралдаанаас даалгажээ.

Холбоотой мэдээ