Монгол, Шведийн ГХЯ-ны Улс төрийн зөвлөлдөх уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-09-18 11:09:05

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Шведийн Хаант Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн хоёрдугаар зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 17-нд Улаанбаатар хотноо зохион байгуулав.


Зөвлөлдөх уулзалтаар Монгол, Шведийн харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэх, чингэхдээ харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, иргэд хоорондын харилцааг идэвхжүүлэхэд чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Тухайлбал, нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах, дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөхөд чиглэсэн Засгийн газрын хэлэлцээр байгуулах,  байгаль орчин, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар ярилцлаа.

 

Мөн Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжийн бодлого, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан томоохон зорилтуудыг танилцуулж, тэдгээрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломжийн талаар ярилцав. Түүнчлэн олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцож, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэхээ талууд нотлов. Зөвлөлдөх уулзалтыг Монголын талаас Европ, Африкийн газрын захирал Г.Баттунгалаг, Шведийн талаас Ази, Номхон далай, Латин Америкийн газрын дарга Даниел Вольвен нар тэргүүлж ажиллав.


Энэ удаагийн зөвлөлдөх уулзалт нь 2024 онд тохиож буй Монгол, Шведийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд болж буйгаар онцлог байв.

 Эх сурвалж: ГХЯ

Холбоотой мэдээ