Монголын нүүдлийн соёл, зан заншил, үзэсгэлэнт байгалийг контентоор дамжуулан сурталчилна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, энэ хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх олон талт ажлыг үе шаттай хийж, хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд дэлхий даяар 500 сая гаруй тогтмол
хэрэглэгчтэй аялал жуулчлалын платформ болох Trip.com групптэй хамтран ажиллах гэрээг Монгол
Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам байгууллаа. Уг гэрээнд Соёл,
спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин болон Trip.com группийн гүйцэтгэх
захирал Жейн Сан нар гарын үсэг зурав.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд "Go Mongolia" үндэсний брэндингийн дор Монголын нүүдлийн соёл, зан заншил, үзэсгэлэнт байгалийг БНСУ, Хонгконг, БНХАУ-ын хэрэглэгчдэд контентоор дамжуулан сурталчлах, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг борлуулах чиглэлд хамтран ажиллахаар боллоо.
Trip.com нь дэлхийн хэмжээнд нисэх буудал, зочид буудал болон аялал жуулчлалын үйлчилгээг онлайн платформоор дамжуулан хэрэглэгчдэдээ хүргэдэг тэргүүлэгч байгууллагийн нэг бөгөөд энэхүү хамтын ажиллагаа нь манай улсын аялал жуулчлалын салбарт шинэ боломжуудыг нээж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам мэдээлэв.