Монгол-Японы эмнэлэг орчин үеийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжтэй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.munkhzul@montsame.gov.mn
2024-09-18 13:23:34

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Япон улсын буцалтгүй тусламжийн хүрээнд Монгол-Японы эмнэлэгт орчин үеийн шаардлага хангасан дэвшилтэт тоног төхөөрөмж гардуулан өгчээ.


Тодруулбал, Монгол, Японы Засгийн газрын хэлэлцээрээр хэрэгжиж буй “Монголын эдийн засаг болон нийгмийн хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд туулах чадвар өндөртэй алсын түргэн тусламжийн машин, MRI орчинд ажиллах боломжтой унтуулгын аппарат, 3D цээжний хөндийн мэс заслын тоног төхөөрөмж зэргийг өгч байгаа юм.


Ингэснээр эмнэлгийн үйлчлүүлэгчдэд дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тусламж, үйлчилгээ үзүүлэхээс гадна АШУҮИС-ийн оюутнууд тэдгээр өндөр хүчин чадалтай төхөөрөмж дээр дадлагажих, үүнийг даган сургалтын орчин, чанар илүү сайжрах ач холбогдолтой аж.


Монгол-Японы эмнэлэгт энэхүү төхөөрөмжийг нийлүүлснээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинэ технологи, стандартыг эх орондоо нутагшуулж, оношилгоо, эмчилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг боловсрол, эрүүл мэндийн салбарын эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын бодлоготой хослуулан хөгжүүлэх боломжтой болж байна.

Холбоотой мэдээ