Физик, хими, математик, технологи, англи хэлний мэргэжилтнүүдийг гэрээт багшаар ажиллуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-09-18 13:41:43

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Боловсролын сайд П.Наранбаяр багшлах боловсон хүчний хомсдол, түүнтэй холбоотой гарсан шийдвэрийн талаар танилцуулсан байна.


Боловсролын яамнаас багшийн хомсдолыг арилгах хүрээнд 6 багц ажлыг хэрэгжүүлэх аж. Үүнд,

1. Багшаар төгссөн боловч мэргэжлээрээ ажиллахгүй байгаа хүний нөөцийг ажилд урих

2. Гавьяаныхаа амралтад гарсан багш нарыг бага цагаар ажиллуулах

3. Багшийн сургалтын норм 7 хоногт 19 цаг байдаг. Цаг нь хүрэхгүй байгаа багш нарыг хөрвүүлж, ижил төстэй хичээл заалгуулах

4. Багш бэлддэг их, дээд сургуулиудын дөрөвдүгээр дамжааны оюутнуудыг дадлагажигч багшаар ажиллуулах

5. Цахим сургалтыг багшийн дутагдал ихтэй сургалтад ашиглах

6. Шинжлэх ухааны чиглэлээр буюу физик, хими, математик, технологи, англи хэл зэрэг мэргэжлээр гадаад, дотоодын их дээд сургуулийг 80-аас дээш хувийн үнэлгээтэй төгссөн хүмүүсийг богино хугацааны сургалтад хамруулж, гэрээтээр ажиллуулахаар болсон байна. 


Одоогоор багш нарын үндсэн цалин 1.4 сая төгрөг буй. Үүн дээр 100 хувийн нэмэгдэл тооцуулдаг 1000 гаруй багш бий. Багшийн цалин дунджаар 2.4 сая төгрөг байгаа ба цаашид нэмэх асуудлыг дэвшүүлж, тэдний өрсөлдөх чадварыг өсгөнө гэж салбарын сайд ярилаа.


 

Холбоотой мэдээ