“Хятад улсын ногоон хөгжлийн ололт-Монгол Улсын боломж” эрдэм шинжилгээний хурал боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.munkhzul@montsame.gov.mn
2024-09-18 13:55:20

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. “Нэг бүс нэг зам” хамтын хөгжил судалгааны төв, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэг, Хятадын төв радио телевизийн Улаанбаатар дахь студи хамтран “Хятад улсын ногоон хөгжлийн ололт-Монгол Улсын боломж” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.


Тус хурлын зорилго нь Хятадын ногоон хөгжлийн өнөөгийн байдал, ололт амжилт, хуримтлуулсан туршлагаас хуваалцаж, дүн шинжилгээ хийхийн зэрэгцээ Монголд ногоон хөгжил, эдийн засгийг хөгжүүлэхэд шаардлагатай үйл явцад үнэлэлт дүгнэлт өгч, тулгарч буй сорилт, судалгаа, дүн шинжилгээ хийж, зөвлөмж боловсруулахад оршиж байгаа ажээ.  


Өнөөгийн нийгэмд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт дэлхий дахины хэмжээнд дижитал технологид суурилсан ногоон хөгжил, эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэхийг зүй ёсоор шаардаж байна. Шинжлэх, ухаан технологийн инновац нь ногоон эдийн засгийн хөгжлийг улам хурдасгаж, дижитал шинэ бүтээгдэхүүн олноор бий болгохын сацуу тооцоолох чадамж, аргачлал шат ахин дээшилж, дижитал эдийн засаг, ногоон хөгжлийн хурд дэлхийн эдийн засгийн хурдаас хол түрүүлэн, нийгмийн салбар бүрд гүн нэвчиж, дэлхийн эдийн засгийн ерөнхий төлөвт багагүй нөлөөлөх болсон юм. Ногоон хөгжил, эдийн засгийн салбарт олон улсын хамтын ажиллагаа улам бүр нягтарч байгааг хуралд оролцсон эрдэмтэн, судлаачид онцлов.


Тэгвэл Хятад улс нарны эрчим хүч, салхин болон усан атомын цахилгаан станц, цахилгаан автомашин зэрэг салбарт маш их туршлага хуримтлуулжээ. Энэхүү давуу талаа ашиглан 2025 онд “Бүс ба зам” санаачилгад нэгдсэн улс орнуудад ногоон, хүлэмжийн хий бага ялгаруулдаг салбарт илүү төвлөрч, шинэ эрчим хүч болон эко автомашины үйлдвэрлэл дэх хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх хандлагатай байгаа юм байна. Хятад улс экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтад онцгой анхаарч ажиллах зорилтыг “14 таван жилийн төлөвлөгөө”-ндөө дэвшүүлсэн байдаг аж. 



Холбоотой мэдээ