Сэлбэ, Дунд гол дагуух есөн байршлын даланг хүчитгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-09-18 15:18:01

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Энэ оны долоо, наймдугаар сард болсон үерээс үүдэж Сэлбэ, Дунд гол дагуух зарим хэсэгт үерийн ус хальж, замын нөхцөл хүндэрч байсан.


Тэгвэл энэ асуудлыг шийдэхийн тулд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний доор гурван метр өндөр, 50 метр урт үерийн хамгаалалтын түшиц хана барихаар боллоо.


Энэ талаар Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан, “Энхтайваны гүүрний энэ хэсэгт өнгөрсөн жил үерийн улмаас замын хоёр тийшээ ус хальж, хүнд нөхцөл үүссэн. Тиймээс энэ асуудлыг шийдэхээр гурван метр өндөр, 50 метр урт босоо түшиц хана цутгахаар зураг төсөл дуусаж, бэлтгэл ажил хангаж байна. Энэ ажлыг ирэх долоо хоногт эхлүүлж, 14 хоногийн хугацаанд хийхээр төлөвлөсөн” гэв.


2024 онд Сэлбэ, Дунд гол дагуу нийт есөн байршилд далан хүчитгэх ажил хийхээр төлөвлөсөн. Тухайлбал, Улиастайн гол, Хайлааст орчимд болон “Шунхлай” шатахуун түгээгүүрийг буулгаж хүчитгэх ажил хийсэн. Мөн 25 дугаар эмийн сангийн хойно үерээс сэргийлэх босоо түшиц хана, “Бөмбөгөр” худалдааны төв, “Сүнжингранд” орчимд далан засварлах ажлуудыг үе шаттай хийх аж.




Холбоотой мэдээ